Гоцлол болон цөөхүүл хөгжимчдийн анхдугаар уралдаан болж байна

ФОТО МЭДЭЭ
185@montsame.mn
2020-10-02 21:21:00

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Ш.Аюушийн нэрэмжит гоцлол болон цөөхүүл хөгжимчдийн анхдугаар уралдаан нээлтээ хийлээ.


Энэхүү уралдааныг Говь-Алтай аймгийн ЗДТГ, Төрийн хошой шагналт Ч.Лодойдамбын нэрэмжит Ардын дуу бүжгийн "Алтай" чуулгын уран бүтээлчид хамтран энэ сарын 02-04-ний өдрүүдэд Алтай хотноо зохион байгуулж байгаа юм.

Ардын хөгжмийн урын санг баяжуулах, соёлын биет бус өвийг түгээн дэлгэрүүлэх, хадгалж хамгаалах, мэргэжлийн хөгжимчдийн ур чадвар, гүйцэтгэл, тоглох техникийг дээшлүүлэх, ардын хөгжмийн үүсэл хөгжил, хөгжимдөх арга барилын талаар харилцан туршлага солилцох, Монголын хөгжмийн зохиолчдын болон Ш.Аюушийн бүтээлүүдийг алдаршуулж гоцлол болон цөөхүүл хөгжмийн бүтээлүүдийг сурталчлан таниулах зорилго дор 10 аймгийн театр, чуулгын 140 гаруй хөгжимчид оролцож байна. Тодруулбал, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Сэлэнгэ, Хэнтий, Увс, Завхан, Дундговь, Сүхбаатар, Хөвсгөл аймгийн дуу бүжгийн чуулга, драмын театрын үндэсний цөөхүүл хөгжимчид оролцож буй юм. 

Уралдааны нээлтэд орон нутгийн удирдлагууд оролцож аймгийнхаа соёлын салбарт ажиллаж буй уран бүтээлчдийг дэмжих, тэдний нийгмийн асуудалд дэмжлэг үзүүлэх, амжилтыг нь ахиулах, цаашлаад соёлын бодлогыг орон нутгийхаа хөрсөнд буулгахад анхаарч ажиллана гэдгээ илэрхийлэв. Мөн үеэр уралдаанд оролцогч нийт театр чуулгын уран бүтээлчид Хөдөлмөрийн баатар Ж.Чулууны “Уран хас” бүжгэн жүжгийг Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Ш.Аюушийн удирдлага дор үзэгчдэдээ хүргэлээ. 

Уралдаанд оролцох цөөхүүл хөгжимчид хоёр бүтээлээр өрсөлдөх бөгөөд Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Ш.Аюушийн “Долдой зээрд” бүтээлийг заавал тоглохоороо онцлогтой юм.