Казахстан Абай Кунанбаевын 175 жилийн ойг тэмдэглэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2020-10-02 11:53:11

КАЗАХСТАН. /Казинформ/. Дийлэнх улс орон түүх соёлоороо төдийгүй алдартай хүмүүсээрээ дэлхийд танигдсан байдаг. Тэр хүмүүс нь улс төр, нийгмийн зүтгэлтнүүд, цэргийн жанжин, яруу найрагч, зохиолч, урлаг соёлын ажилтнууд байх нь түгээмэл. Казах түмний дунд алдартнууд олон. Тэдний нэг нь яруу найрагч Абай Кунанбаев юм.


Шекспир, Гёте, Пушкины адилаар түүний нэрийг дэлхий даяар мэддэг. Түүний ном бүтээлүүд олон хэлээр орчуулагдан гарсан юм. Тийм ч учраас Абай Кунанбаев Казах үндэстний соёл, ардын аман зохиолд төдийгүй дэлхийн утга зохиолд хувь нэмрээ оруулсан гэдгийг баттай хэлэх боломжтой.  


Казахстан улс Абай Кунанбаевын 175 жилийн ойг тэмдэглэж байна. Казахын ард түмэн Абайг хүндэлж, түүгээр бахархдаг. Түүний бүтээлүүдийг дунд болон их сургуулиудад судалдаг. Түүгээр ч үл барам Казахстаны утга зохиолд Абайн бүтээлүүдийг судлах тусгай урсгал чиглэл байдаг.


Абайн гүн ухаан эссэ бичвэр, яруу найргийн бүтээлүүд нь Казах хэлээр төдийгүй дэлхийн бусад улс орны хэлээр тогтмол хэвлэгддэг. Түүний гадаад хэлээр орчуулагдсан дийлэнх номнууд 1995 онд хэвлэгджээ. Тухайн үед Абай Кунанбаевын 150 жилийн ойг ЮНЕСКО-гийн ивээл дор тэмдэглэж байсан аж.  


“Абайн яруу найргийн сонгомол бүтээлүүд” ном Пакистанд, “Абайн Бүтээл, бодролууд” ном Иранд 1995 онд хэвлэгдэн гарч байсан бол “Сонгомол бүтээлүүд” нь Монголд хэвлэгдэн гарч байжээ. Түүний бүтээлүүдийг гадаад хэл рүү хөрвүүлэх ажил өдгөө ч үргэлжилсээр байна. 

Холбоотой мэдээ