Коронавирусээр халдварласан Д.Трамп Ж.Байдены эсрэг шүүмжлэлээ зогсоохгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-10-03 10:09:07

НЬЮ-ЙОРК. /CNN/. АНУ-ын Төрийн тэргүүн коронавирусээр халдварласантай холбогдуулан сонгуульд зориулж өрсөлдөгчөө шүүмжилсэн зар сурталчилгаа байршуулахаас түр татгалзах шийдвэр гаргасан Ардчилсан намаас нэр дэвшигч Жозеф Байдены найрсаг байдалд Ерөнхийлөгч Дональд Трамп эелдэг хариу барихгүй. Энэ тухай Д.Трампын сонгуулийн штабын хэвлэлийн албаны дарга Тим Мертау баасан гарагт мэдэгджээ.


“Жозеф Байден Мичиганд үг хэлэх үеэрээ нийгмийн хамгаалал, эдийн засаг, ажлын байр бий болгох асуудлаар ерөнхийлөгч рүү удаа дараа дайрч давшилсан. Гэтэл одоо гэнэт өгөөмөр сэтгэл гаргаж гавьяа зүтгэлээ хүлээн зөвшөөрүүлэхийг хүсээ юу?” хэмээн тэрбээр мэдэгдсэн байна.  


Д.Трамп болон түүний гэргий Меланья Трамп нар коронавирусээр халдварласантай холбогдуулан өрсөлдөгчөө шүүмжилсэн зар сурталчилгаа байршуулахаас Ж.Байден хэсэгтээ татгалзах тухай “Reuters” агентлаг өмнө нь мэдээлжээ. Ерөнхийлөгчийг шүүмжилсэн дүрс бичлэг түүнийг эмчилгээ хийлгэх үеэр цацагдахгүй аж.


АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль болохоос нэг сарын өмнө Д.Трамп коронавирусээр халдварлажээ. АНУ-ын төрийн тэргүүн болон тэргүүн хатагтай нарын биеийн байдал сайн байгаа тухай Д.Трампын эмч Шон Конли мэдэгдсэн байна. Түүнчлэн ерөнхийлөгчийг албан үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжтой гэдэгт итгэлтэй буйгаа Конли илэрхийлсэн байна. Ерөнхийлөгч баасан гарагт Мэрилэнд мужийн Уолтер Ридийн нэрэмжит цэргийн эмнэлгийн төвд иржээ. Цагаан ордны хэвлэлийн албаны даргын мэдэгдсэнээр, Д.Трамп тэндээсээ ажлаа үргэлжлүүлэх аж.

Холбоотой мэдээ