Үндэсний цахим үйлчилгээний E-Mongolia систем хэрэглэгчдэд хүрч эхэллээ

Монголын мэдээ | Улс төр
192@montsame.mn
2020-10-03 18:37:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төрийн үйлчилгээг цахимжуулах ажлыг хэд хэдэн Засгийн газар дамжин хийж өнөөдөр эхний ээлжинд бэлэн болоод байна. Засгийн газрын ХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ энэ тухай онцолж хэлэхдээ, төрийн үйлчилгээг нэг цонхонд төвлөрүүлсэн олон улсын жишгийг Монгол Улсын Засгийн газар нэвтрүүлж байгааг тэмдэглээд цаашид төрөөс цахим хэлбэрээр үзүүлж буй нийтдээ 492 үйлчилгээг нэг систем, нэг дэд бүтцэд нэгтгэнэ гэдгийг мэдэгдлээ. 

Үндэсний цахим үйлчилгээний E-Mongolia нэгдсэн системийг энэ сарын 1-нээс эхлэн Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас хэрэглэгчдэд хүргэж эхэлсэн юм. Уг системийг вэб портал, гар утасны аппликейшн гэсэн 2 хэлбэрээр анхны хувилбарыг гаргажээ.

Эхний шатанд сангийн яамны Ebarimt, ХНХЯ-ны Ehalamj зэрэг төрийн цахим порталуудаас гадна иргэний үнэмлэх, гэр бүлийн, тээврийн хэрэгслийн лавлагаа зэрэг төрийн 181 үйлчилгээг нэг цонхонд богино хугацаанд амжилттай төвлөрүүлж, цахимжуулжээ.


Иргэд гар утаснаасаа E-Mongolia аппликейшныг ашиглахад дата унахгүй бөгөөд үүрэн холбооны "Мобиком", "Юнител", "Скайтел" зэрэг оператор компани энэ тал дээр нийгмийн хариуцлагын хүрээнд хамтран ажиллаж байгаа талаар эдгээр компанийн удирдлагууд мэдэгдэж байна.

Төрийн байгууллагууд цахим шилжилт хийснээр бичиг хэрэг, шуудангийн зардлаас жилдээ хамгийн багадаа 10 тэрбум төгрөг хэмнэх боломжтой бол иргэдийн хувьд 3.7 тэрбум төгрөгийг хэмнэх боломж бүрдэнэ.


Холбоотой мэдээ