Москвад хорио цээрийн хатуу дэглэм тогтоож магадгүй байна

Дэлхийд | Эрүүл мэнд
Jargal.d@montsame.mn
2020-10-05 16:27:04

МОСКВА. /BBC/. Коронавирусний халдварын тохиолдлын тоо огцом нэмэгдэж байгаатай холбогдуулан Москва хотын дарга уг вирустэй тэмцэх арга хэмжээг чангатгах хэд хэдэн хувилбарыг судалж байна гэж "Ведомости" сонин хотын захирагчийн ажлын албанд ойр эх сурвалжуудын мэдээллээс иш татан уламжилжээ.


Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, хамгийн хатуу арга хэмжээ нь дөрөвдүгээр сарын дунд үеэс зургадугаар сарын эхэн үе хүртэл хэрэгжиж байсан цахим нэвтрэх кодоор зорчих журмыг сэргээх хувилбар байж магадгүй байна. Цар тахлын байдал сайжрахгүй бол хоёр долоо хоногийн туршид өөрийгөө 100 хувь тусгаарлах дэглэм тогтооно гэж Москвагийн засгийн газарт ойр өөр нэг эх сурвалж мэдээлжээ.


Москвад коронавирусний халдварын тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан есдүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн 65-аас дээш насны оршин суугчид болон архаг өвчтэй хүмүүст шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг зөвлөсөн бөгөөд сурагчдыг хоёр долоо хоног амраасан юм.


Үүнээс гадна, 10 дугаар сарын 5-наас эхлэн ажилтнуудынхаа дор хаяж 30 хувийг алсын зайнаас ажиллах горимд шилжүүлэхийг ажил олгогчдод үүрэг болгожээ. Өвчлөл нэмэгдэж байгаа хэдий ч хотын удирдлагууд бизнест ноцтой хязгаарлалт хийхээс зайлсхийхийг хичээж байна гэж Москва хотын дарга Сергей Собянин мэдэгдсээр байгаа аж.


 

Холбоотой мэдээ