Оросын төмөр замчид иж бүрэн машин техниктэйгээ иржээ

УБТЗ ӨНӨӨДӨР
oyundelger@montsame.gov.mn
2020-10-09 11:47:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/.ОХУ-ын Дорнод Сибирийн төмөр замын 20 гаруй мэргэжилтэн зам засварын машин техниктэйгээ ирж УБТЗ-ын Шаргын овоо зөрлөгөөс Замын-Үүд өртөө хоорондын 18 километр замын шинэчлэлийг хийхэд туслана.

Төмөр замын тээврийн хэмжээ эрчимтэй нэмэгдэж байгаа тул “Улаанбаатар төмөр зам” ХНН гол замынхаа нэвтрүүлэн өнгөрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэхэд ихээхэн анхаарч байна. УБТЗ-ын гол замд эрчимтэй хийж байгаа замын шинэчлэлийн ажилд ОХУ-ын  мэргэжилтнүүд ийнхүү өчигдрөөс туслан гүйцэтгэгчээр ажиллаж эхэллээ.

Эдгээр мэргэжилтэн нь ОХУ-аас ирсэн өөрсдийн 100 гаруй машин техникийг ажиллуулах операторчид бөгөөд тэд энэ сарыг дуустал ажиллах юм.


 ОХУ-ын төмөр замчид ирж ажилласнаар “Улаанбаатар төмөр зам” ХНН өөрийн зам засварын машин техникийг Зүүнбаян-Тавантолгойн төмөр замыг барихад болон Дархан,Чулуут, Баян зэрэг өртөө зөрлөгүүдээ өргөтгөх ажилд ашиглах боломжтой болж байгаа юм.

УБТЗ-ын гол замын шинэчлэлийн ажилд оролцож байгаа орос мэргэжилтнүүдийг хилийн боомтоор орж ирэнгүүт Ковид-19-ийн халдвараас сэргийлж тусгаарлалтад оруулж ажиглалт тандалт хийсний эцэст ийнхүү ажиллуулж байгаа аж.    

Холбоотой мэдээ