Хятад яагаад коронавирусний хоёр дахь давлагаанд өртөөгүй вэ?

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ayanzaya@montsame.gov.mn
2020-10-09 15:44:31

МОСКВА. /Риа Новости/. Европын орнуудыг коронавирусний цар тахлын хоёр дахь давлагаа нөмрөн авч байхад АНУ, Бразил, Энэтхэг эхний давлагаатайгаа зууралдсаар. Харин БНХАУ-д 50 өдөр дараалан дотоодод халдварласан тохиолдол бүртгэгдээгүй байна. Хятад улс “Covid 19”-өөс өмнөх амьдралдаа эргэн орж байна. Дотоодод халдварласан тохиолдол яагаад тус улсад бүртгэгдээгүй вэ?, Хятадын эрх баригчдын албан ёсны мэдээлэлд итгэж болох уу?


Гамшгийн байдлаас хэвийн байдал руу

Хятадад оюутнууд хичээлдээ явж, ажилтнууд офистоо ажиллаж байгаа бол амралтын өдрүүдээр хэдэн зуун мянган хүн аялж байна. Есдүгээр сарын сүүлчээр БНХАУ-д оршин суух зөвшөөрөлтэй гадны иргэд эргэн ирж байна. Нэгдүгээр сараас хойш тус улсад 85 мянга орчим хүн халдвар авч, 4.6 мянган хүн нас баржээ. Харин сүүлийн саруудад нөхцөл байдал тун хэвийн байгаа юм.

 

БНХАУ-ын Төрийн зөвлөл 6 дугаар сард “COVID-19”-тэй хийх тэмцэл: Хятадын үйл ажиллагаа” хэмээх Цагаан номоо хэвлэж, түүндээ вирусыг сөрөн зогсоход чиглэсэн стратегийн 126 зүйл заалтыг жагсаажээ.  

 

Амжилтын гол хүчин зүйл нь иргэдийн сахилга бат, эв нэгдэл байсан гэдэгт Засгийн газар итгэлтэй байна. Үүний зэрэгцээ төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд БНХАУ-ын дарга Ши Жиньпиний гүйцэтгэсэн үүргийг онцолжээ.

 

“Хятад цар тахлыг сөрөн зогссон нь хүчтэй удирдлага, Хятадын Коммунист намын Төв хороо, нөхөр Ши Жиньпиний шинжлэх ухааны удирдлагыг тод харуулж байна” хэмээн намуудын сонинд дурджээ.


Хятад улс ялалтаа хэдийнээ тэмдэглэсэн. Есдүгээр сарын эхээр Ши Жиньпин “COVID-19”-тэй тэмцэж буй баатруудад биечлэн медаль гардуулсан юм.

 

Алхам алхмаар зорилгодоо

Оны эхээр олон сая хүн амтай Ухань хот цар тахлын голомт болсон. Лабораториудын шинжилгээний үр дүнг судалснаар нэгдүгээр сарын сүүлчээр хатуу хөл хорио тогтоосон билээ. Нийтийн тээврийн хөдөлгөөнийг зогсоож, арван сая хүн гэртээ тусгаарлагдсан юм. Ухань хот руу өөр бүс нутгаас эмч нар илгээж, 4 дүгээр сарын 26 гэхэд коронавирусээр халдварласан бүх өвчтөн эмнэлгээс гарсан юм. Өөр бүс нутагт халдвар дахин дэгдсэн хэдий ч үүнийг маш хурдан хяналтадаа авч чадсан билээ.


Түүнчлэн хилийн чанадаас ирж буй хүмүүст хатуу хяналт тогтоожээ. Олон эмнэлгийг тусгаарлах байр болгон хувиргасан юм.


“Covid19”-н  эсрэг арга хэмжээг ийм хурдан, үр дүнтэй авч чадсаныг өмнө нь “SARS” өвчинтэй тэмцсэн туршлага хятадуудад байсантай холбон тайлбарлажээ.


Түүнчлэн хяналтын систем тусалсан гэж үзэж байна. Хятадын алдартай хавсралтуудад эрүүл мэндийн код гэгдэх кодууд бий болсон бөгөөд энэ кодоор халдварын эрсдэл, халдварт өвчнийг тээгчтэй үүсгэж болзошгүй харилцаа холбоог үнэлэх боломжтой. Хяналтын камераар амны хаалтаа зүүх, тусгаарлалтын дэглэмийг зөрчсөн хүмүүсийг хянажээ.


Эрх баригчид хатуу хязгаарлалт тогтоож, иргэд түүнийг нь үг сүггүй дагаж мөрдөхөд нь хяналт тавьсан нь вирустэй хийх тэмцэлд амжилт гаргах чухал нөхцөл болсон юм. Гэсэн ч ажиглагчид өөр чухал хүчин зүйлийг дурдаж байгаа нь нийгмийн эв нэгдэл, ард түмний сахилга бат гэж үзэж байна. Хятадууд заавар зөвлөмжийг гүйцэтгэхэд дасаж, эрх баригчиддаа итгэжээ. 


Хэдийнээ боломжтой болсон

Аравдугаар сарын эхний долоо хоног нь БНХАУ байгуулагдсаны ойн баярыг тохиолдуулсан амралтын өдрүүд байдаг бөгөөд аялал жуулчлалын алтан улирал юм. Түүнчлэн үндэсний баяртай давхцан Намрын дунд сарын баяр тохиодог. Хятадын олон сая иргэн сэтгэл хөдлөм аялалд гарахаар бэлтгэж байгаа бөгөөд коронавирусний цар тахал төлөвлөгөөг нь нураахгүй. Аравдугаар сарын эхний өдрүүдэд 425 сая хүн аялалд гарсан нь өмнөх оныхтой харьцуулахад 1.2 саяар бага байсан тухай тус улсын Соёл урлаг, аялал жуулчлалын яам мэдээлжээ.


Аялал жуулчлалын алдартай байгууламжуудын ачаалал 75 хувьтай байна. Аялал жуулчлалын салбар аравдугаар сарын амралтын өдрүүдэд 312 тэрбум юанийн орлого авчиржээ. Кинотеатрууд ч мөн үйл ажиллагаагаа сэргээж, аравдугаар сарын 1-нээс 4-ний хооронд 62.4 сая хүн үйлчлүүлсэн байна.


“Хязгаарлалтуудыг ерөнхийдөө цуцалсан. Зөвхөн метро, олон нийтийн тээврийн хэрэгслүүд, төрийн байгууллагуудад амны хаалтгүй явж болохгүй бөгөөд үүнтэй холбоотой дүрэм журмыг чанд сахиж байна” хэмээн Шанхайн оршин суугч Владислав Газин ярьсан байна.


Албан ёсны мэдээллийг үнэн гэж Владислав үзэж байна. “Иргэд хэвийн амьдралдаа эргэн орж, эмнэлгүүдэд урт дараалал үүсэхгүй байгаа. Түүнчлэн интернетэд эрх баригчид тоон үзүүлэлтүүдийг бууруулж хэлснийг нотлох дүрс бичлэг, зураг, бусад мэдээлэл тавигдаагүй. Иргэд урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдэд тун нухацтай хандаж байгаа” хэмээн тэрбээр ярьсан байна. 

Холбоотой мэдээ