ХӨСҮТ-д коронавируст халдвартай долоон хүн эмчлүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2020-10-09 14:51:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд энэ сарын 7,8-нд нийт 1 248 хүний сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүйг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү мэдээллээ.


Өнөөдрийн байдлаар, Монгол Улсад коронавирусний 315 тохиолдол бүртгэгдсэнээс 308 хүн буюу 98 хувь нь эдгэрчээ. ХӨСҮТ-д одоогоор коронавирусний халдварын улмаас долоон хүн эмчлүүлж байна. Тэдний зургаа нь хөнгөн, нэг хүний биеийн байдал хүндэвтэр байгаа аж.


Хоёр өдрийн шинжилгээний хариуг задалж танилцуулбал, 10 дугаар сарын 7-нд ирсэн 213 энхийг сахиулагчийн шинжилгээ, 9 дүгээр сарын 19-нд Истанбулын онгоцоор ирсэн 246 хүний давтан шинжилгээ, 9 дүгээр сарын 24-ны өдрийн Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 205 хүний давтан шинжилгээ, Франкфуртын онгоцоор ирсэн 262 хүний давтан шинжилгээ, 10 дугаар сарын 5-нд Замын-Үүд боомтоор орж ирсэн 20 хүний давтан шинжилгээ, 9 дүгээр сарын 18, 22, 23-нд Замын-Үүд боомтоор орж ирсэн 56 хүний давтан шинжилгээ, ХӨСҮТ-д сэжигтэй гэж тусгаарлагдаж буй 2 хүний давтан шинжилгээнд тус тус коронавирус илрээгүй байна. Мөн сайн дураар шинжилгээ өгсөн 9 хүн халдваргүй гарчээ. Түүнчлэн Алтанбулагийн боомтоор орж ирсэн 56 жолоочид мөн коронавирус илрээгүй.

Дорноговь аймагт тусгаарлагдсан 70, Дундговь аймагт тусгаарлагдсан 6, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 1 хүн болон тусгаарлан ажиглах байранд буй 41 хүний давтан шинжилгээ, тусгаарлан ажиглах байранд үүрэг гүйцэтгэж ажилласан 26 эмч, ажилтны шинжилгээ багтжээ. 

Холбоотой мэдээ