ОХУ-д өдөрт илэрсэн халдварын шинэ тохиолдол 12 мянга давжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2020-10-09 16:50:56

МОСКВА. /TASS/. ОХУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусээр халдварласан хүний тоо 12126-гаар нэмэгдсэн нь цар тахал дэгдсэнээс хойш өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт боллоо гэж тус улсын коронавирустэй тэмцэх шуурхай штаб мэдээлжээ.


Өмнө нь тавдугаар сарын 11-нд коронавирусний халдварын хамгийн олон буюу 11656 шинэ тохиолдол бүртгэгдэж байсан байна.


Сүүлийн 24 цагийн хугацаанд Оросын нийслэл Москва хотод 3701, Санкт-Петербург хотод 469, Москва мужид 411 шинэ тохиолдол илэрчээ. Ростов мужид 265 хүнээс коронавирус илэрсэн нь тавдугаар сараас хойш бүртгэгдсэн хамгийн олон тохиолдол болсон бол Доод Новгород хотод зургаадугаар сарын 11-нээс хойш анх удаа 247 шинэ тохиолдол илэрчээ.


Одоогоор эмчилгээ хийлгэж байгаа өвчтөнүүдийн тоо тус улсад 240560 болж нэмэгдсэн бөгөөд энэ нь зургаадугаар сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт аж.


Нэг өдрийн дотор 7092 хүн эмнэлгээс гарснаар эдгэрсэн хүний тоо 1 009 421 болсон бол нас барсан тохиолдлын тоо 201-ээр нэмэгдэж, 22257  болжээ. ОХУ-д цар тахал дэгдсэнээс хойш халдвар авсан хүний тоо 1 272 238-д хүрлээ. 


Холбоотой мэдээ