Шадар сайд Я.Содбаатараар ахлуулсан ажлын баг Дундговь аймагт ажиллав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатараар ахлуулсан ажлын баг Дундговь аймагт өчигдөр ажиллаж, салбар байгууллагын ажилтай танилцан, иргэдтэй уулсан талаар Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба мэдээлэв.
Ажлын багийн бүрэлдэхүүнд Шадар сайд Я.Содбаатар, УУХҮ-ийн сайд Г.Ёндон, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг, БШУ-ны дэд сайд Г.Ганбаяр ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал, ЗГХЭГ-ын ахлах референт П.Энхсайхан, УОК-ын нарийн бичгийн дарга Т.Мөнхдорж, МХЕГ-ын дарга Т.Гантулга болон УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг нар ажиллаж, тус аймагт өөр өөрийн хариуцсан салбар байгууллага дээр ажиллав.
Дундговь аймагт эрүүл мэндийн мэргэжлийн эмч нарыг нэмж ажиллуулах, санхүүгийн хяналт шалгалтыг Мэргэжлийн хяналтын албаны харьяа болгох, өвөлжилт хүндрэх сумдын өвс тэжээлийн асуудалд онцгой анхаарах, отроор өөр аймгийн нутагт явж байгаа малчдад тулгамдаж байгаа асуудлуудыг зохицуулах, Өлзийт суманд уран олборлох үйл ажиллагаа явуулж байгаа “Гурвансайхан” компанийн үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт шалгалт хийлгэх, мал, махаа борлуулахад нь төрөөс дэмжлэг үзүүлэх, шөнийн цагаар цахилгааны хөнгөлөлт үзүүлэх, Улаанбаатар-Мандалговийн чиглэлийн замыг засч сайжруулах гэх мэт тулгамдсан олон асуудлын хүрээнд өөрсдийнхөө санал бодлыг илэрхийллээ.
Уулзалтын дараа боловсрол, банк, санхүү, хөдөө аж ахуй, үйлдвэр худалдаа, эрүүл мэнд, уул уурхай, эрчим хүчний салбарт амжилт гаргасан ажилтан, албан хаагч 22 хүнийг Засгийн газрын болон салбарын тэргүүний ажилтан цол тэмдэг, Жуух бичгээр шагнасан юм.