Мод тарих үндэсний өдөрт 500 гаруй иргэн нэгдлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлигийн хэрэгжилтийг
ханган “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийн үйл ажиллагааг Дархан-Уул аймагт
өнгөрсөн долоо хоногийн бямба
гарагт зохион байгууллаа.
Эх орон, байгаль дэлхийгээ хайрладаг
уламжлалт монгол зан заншлаа дээдэлж, хүн бүр байгалиа нөхөн сэргээх,
хамгаалахад гар бие оролцох нөхцөлийг бүрдүүлэх, ойн сан, ногоон байгууламжийг
нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа олон талт ажлуудыг эрчимжүүлж, улмаар
үндэсний хөдөлгөөн болгон өрнүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч жил
бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагийг бүх нийтээр
мод тарих үндэсний өдөр болгон зарласан билээ.
Тус үйл ажиллагааг Дарханыхан сүүлийн
10 жил тасралтгүй тэмдэглэн өнгөрүүлж, байгаа төдийгүй энэ намрын бүх нийтээр
мод тарих үндэсний өдрөөр нийт 120 ширхэг нарс модыг Дархан сумын 8, 10 дугаар
багийн нийтийн эзэмшлийн талбайд тарьж, 500 гаруй иргэн гэр бүл найз нөхөд,
хамт олноороо оролцсон байна.
Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны
хөтөлбөрт тусгагдсан хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд
2017-2020 онд нийт 80.000 гаруй мод, бут, сөөгийг тарьж 40.000 м.кв талбайг
зүлэгжүүлж, 1420 м.кв талбайд гоёлын цэцгийн мандал суулгажээ.
Мөн орон нутгийн төсвийн нийт 148.5
сая төгрөгийн хөрөнгөөр 81 га талбайд навчит мод, 21.5 га талбайд шилмүүст мод,
24 га ойн зурвас байгуулснаар ойг нөхөн сэргээх, ойжуулах, тарьц суулгац
ургуулж ойтой талбайн хэмжээг 15 хувиар нэмэгдүүлж, тарьц суулгацын 75 хувь нь
амьдрах чадвартай байна.