Т.Бөхчулуун Японы ахлах сургуулийн аваргаар 3 дахь удаагаа шалгарав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-10-13 08:41:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Япон улсад “COVID-19”-ийн улмаас бүх тэмцээн, уралдаанууд хойшлогдоод байсан бол өнгөрсөн амралтын өдрүүдэд Токио хотноо Япон улсын ахлах сургуулийн чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээн болжээ.


Энэхүү тэмцээний 92 кг жинд 48 бөх барилдсанаас ОУХМ Туваадоржийн Бөхчулуун зургаа ялахдаа ганц ч оноо алдалгүй түрүүлэв. 


Түүний сурдаг Чиба мужийн Кашива Ниттай ахлах сургууль нь багийн тэмцээнд түрүүлж хос алтан медаль хүртсэн байна. Тэрбээр сүүлийн гурван жил дараалан ахлах сургуулийн аварга болжээ.


Т.Бөхчулуун 2001 онд Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд төрсөн бөгөөд анхны багш нь Багануур дүүргийн “Хөх эрчис” клубийн дасгалжуулагч Х.Магвандорж. Улмаар гавьяат тамирчин, дасгалжуулагч З.Дүвчингийн удирдлага дор хичээллэж байгаад 2018 онд алдарт Саори Ёшидагийн төрсөн ахын удирддаг "Ичиши" залуучуудын клубт багшилж буй Р.Баяраа түүнийг өдгөө сурч буй сургуульд суралцуулсан хэмээн  Монголын чөлөөт бөхийн холбооноос мэдээллээ.

Холбоотой мэдээ