Дундговийн тогооч нар ур чадвараараа уралдав

Орон нутагт | Дундговь
Otgontuya@montsame.mn
2016-05-22 19:30:11

Дундговь аймгийн 2016 оны шилдэг тогооч нар шалгарлаа. Найм дахь жилдээ зохион байгуулсан “Амтлаг хоол” тогооч нарын ур чадварын уралдаанд 12 тогооч өрсөлдсөнөөс төрөл тус бүр дээр гурван тогооч ур чадвараараа онцгойрсон юм.

Тодруулбал, ресторон зоогийн газрын тогооч нараас Сайнцагаан сумын “Бүрд” зоогийн газрын тогооч Ц. Байгальмаа, цайны газрын тогооч нараас Сайнцагаан сумын 3 дугаар цэцэрлэгийн тогооч н. Гэрэлтуяа нар уралдааны тэргүүн байрыг эзэлсэн бол “БМБХ” ХХК- ийн тогооч М. Ганчулуун, Сайнцагаан сумын 2 дугаар цэцэрлэгийн тогооч Б. Цолмонтуяа нар мөнгө, Ёслол хүндэтгэлийн өргөө рестораны тогооч О. Нарангарав, аймгийн ЗДТГ- ын цайны газрын тогооч Д. Байгальмаа нар хүрэл медаль тус тус зүүлээ.

Уралдааны шилдгийн шилдэг тогоочоор Сайнцагаан сумын “Бүрд” зоогийн газрын тогооч Л. Одгэрэл шалгарч, шилжин явах цомыг хүлээн авсан бөгөөд улсын аварга шалгаруулах тогооч нарын ур чадварын уралдаанд аймгаа төлөөлөн оролцохоор болсон юм.

Энэ жилийн уралдаанд оролцогчдын тоо урьд жилүүдээс эрс цөөрсөн ч тогооч нарын ур чадвар илүү ахисан байгаа нь сайшаалтай гэж Тогооч нарын салбар холбооны тэргүүн Ш. Оюун хэллээ. Уралдаанд оролцогчдыг ресторон, зоогийн газар, цайны газрынхаар ангилал болгож, тус бүрд нь даалгавар өгч өрсөлдүүлсэн нь урьд жилүүдийнхээс онцлог болсон. Ингэснээр тогооч нар түвшин түвшиндээ ур чадвараа харуулах боломжийг олгосон гэлээ.

Ресторон зоогийн газрын тогооч нар тахианы махны ороомог, цайны газрын тогооч нар бүрмэл шницель хийж ур чадвараа харуулсан бол онолын мэдлэгээрээ ч мөн өрсөлдсөн байна. Тогооч нарын мэдлэг, ур чадварыг Монгол Улсын мастер тогооч Ю. Должинсүрэн, Д. Оюунцэцэг, Х. Энх- Амгалан нар шүүн тунгаажээ.

Т. Отгонтуяа

 

Холбоотой мэдээ