“Johnson & Johnson” вакцины туршилтаа түр зогсоожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ayanzaya@montsame.gov.mn
2020-10-13 11:12:18

МОСКВА. /TASS/. Туршилтад оролцогчдын нэгээс “тодорхойгүй өвчин” илэрсэнтэй холбоотойгоор Америкийн “Johnson & Johnson” компани коронавирусний эсрэг вакцины туршилтаа түр зогсоож буйгаа мэдэгджээ.


Судалгааны субъектуудын мэдээлэл, аюулгүй байдлын хяналт шалгалтын бие даасан хорооноос гадна эмнэлгийн өөр хэд хэдэн мэргэжилтэн өвчтөнийн биеийн байдалд үзлэг хийж, үнэлж байгаа аж.


medRxiv” цахим хуудасны өмнө нь мэдээлснээр, “Johnson & Johnson” компанийн гарган авсан вакцин эмнэлзүйн туршилтын эхний үе болон хоёрдугаар үеийн эхний шатны явцад тогтвортой дархлааны хариу урвал үзүүлсэн гэжээ.


Компани 9 дүгээр сарын 23-нд эмнэлзүйн туршилтын гуравдугаар шатандаа оржээ. Туршилтад гурван тивийн найман орны 60 мянган сайн дурын хүн оролцож байжээ. Вакцины үр дүнтэй, аюулгүй байдал нь батлагдвал эхний багцыг 2021 оны эхээр гэрчилгээжүүлнэ гэж компани найдаж байгаа юм.


Johnson & Johnson” компанид Америкийн эрх баригчид вакцин бүтээхэд нь зориулж 456 сая ам.долларын санхүүжилт олгосон байна. 

Холбоотой мэдээ