“Мэргэжил бүхэн сайхан” өдөрлөг олон залууст урам өгөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
dusem11@yahoo.com
2016-05-23 09:24:45

Өчигдөр буюу ням гарагт Чингисийн талбайд "Мэргэжил бүхэн сайхан" өдөрлөгийг Хөдөлмөрийн яамны санаачилгаар зохион байгууллаа. Тус өдөрлөгт төрийн болон төрийн бус өмчийн Мэргэжлийн боловсрол сургалтын 58 байгууллага оролцож өөрсдийн үйл ажиллагааг сурталчилан таниулсан юм.

Тухайлбал, Орон нутгаас Хангайн болон Төвийн бүсээс тус бүр найм, Говийн бүсээс долоо, Зүүн бүсээс дөрөв, Баруун бүсээс тав, харин Улаанбаатар хотоос 26 Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв /МСҮТ/ болон политехникийн коллеж ирж оролцсон юм. Мөн нийслэл хотын дүүргүүдийн Хөдөлмөрийн хэлтэс, үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагууд, Хөдөлмөрийн яамтай хамтран ажилладаг түнш байгууллагууд болох төсөл хөтөлбөрийнхөн, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллага, ажил олгогчид энэхүү өдөрлөгт оролцож үйл ажиллагаагаа таниулан сурталчилсан байна.

Өдөрлөгийн үеэр эзэмшсэн мэргэжлийнхээ ид хав, ур чадварын онцлогийг харуулж, тухайн мэргэжлийг эзэмшсэн залуус ур чадвараараа өрсөлдөх шоу үзүүлбэрээ сонирхуулж, оюутан сурагчдын хийсэн бүтээлийн үзэсгэлэнг гаргасан юм.

Энэ өдөр Чингисийн талбайд хүрэлцэн хүүхэд залуус, иргэдээс эхлээд ирсэн хэн боловч үндэсний мэргэжилтэй ажилтныг хэрхэн яаж бэлтгэж байгааг нүдээр үзэж, хийж бүтээснийг нь гараар барьж үзэх боломжийг олгосон гэдгээрээ энэхүү өдөрлөг чухал ач холбогдолтой болсон юм.

Д.Өлзий

Холбоотой мэдээ