Киргизийн нөхцөл байдал зөв гольдрилдоо эргэн орж байна гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-10-15 10:32:29

МОСКВА. /TASS/. Киргизэд хууль ёсны засгийн газрыг сонгосны хүчинд улс орны нөхцөл байдал хууль ёсны зөв гольдрилдоо эргэн орж байна гэж тус улсын Ерөнхийлөгч Сооронбай Жээнбековын хэвлэлийн алба мэдээлсэн байна.


“Киргиз хууль ёсны засгийн газрыг сонгох замаар хууль ёсны зөв гольдрилдоо итгэл төгс, үе шаттайгаар эргэн орж байна. Үндсэн хуулийн дагуу хийх дараагийн алхам бол олон улсын стандарттай нийцүүлсэн, олон улсын ажиглагчдыг оролцуулсан чөлөөт, шударга парламентын сонгуулийг явуулах нь чухал юм” хэмээн мэдэгдэлд дурджээ.


Тогтвортой байдлыг сэргээх, хууль эрх зүйн хүрээнд бүх асуудлыг шийдвэрлэхэд олон улсын хамтын нийгэмлэг дэмжлэг үзүүлж байгааг хэвлэлийн алба цохон тэмдэглэжээ. Ерөнхийлөгч Жээнбеков, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар нэг бус удаа яриа хэлэлцээ хийснийг мэдэгдэлд мөн онцлов.


Үүнээс гадна ойрын өдрүүдэд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Төв Азийн асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Наталья Герман үүссэн нөхцөл байдлыг энхийн замаар зохицуулах асуудлаар зөвлөлдөх уулзалт хийхээр Киргизэд айлчлах аж. 

Холбоотой мэдээ