Согтуу жолооч хоёр хүүхэд гэмтээж, хоёр хүний аминд хүрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
sodonizm@gmail.com
2020-10-16 13:41:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зам тээврийн ослоор энэ сарын 13-16-нд арван хүн амиа алджээ.

 

Тодруулбал, Хэнтий аймгийн Баян-Адарга сумын нутаг дэвсгэрт энэ сарын 13-нд “Lexus-470” маркийн автомашин онхолдож, зорчигч 48 настай, эрэгтэй Г амиа алдсан байна. Мөн энэ өдөр Ховд аймгийн Булган сумын нутаг дэвсгэрт “Toyota corrolla” маркийн автомашин онхолдож, машинд зорчиж явсан хоёр хүн амиа алджээ. Түүнчлэн нийслэлийн Баянзүрх дүүргийн Цагдаагийн академийн ойролцоох замд оройны 2.32 цагийн орчим “Toyota aqua” маркийн автомашины жолооч Г нь  явган зорчигчийг мөргөж хөнөөсөн хэрэг гарчээ.


Харин энэ сарын 14-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт “Toyota lund Cruiser 200” маркийн автомашины жолооч Б нь явган зорчигч 47 настай, эрэгтэй М-г мөргөж, амь насыг нь хохироосон бол энэ сарын 15-ны үүрийн 3 цагийн үед Увс аймгийн Зүүнхангай сумын нутаг “Бэлийн өтөг” гэх газарт хувийн эзэмшлийн “Hyundai Truck” маркийн автомашин замын уруу өнхөрч, жолооч 34 настай, эрэгтэй С нь тээврийн хэрэгсэлдээ дайруулж амиа алджээ.


Мөн энэ сарын 16-ны өдөр 00.16 цагийн орчим Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд “Тоуоta Prius-20” маркийн автомашины жолооч архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, айлын гэр дайрснаас 6-15 настай хоёр хүүхдийг гэмтээж, 43 настай эрэгтэй, эмэгтэй хоёр хүний амийг хохироосон байна. Мөн энэ өдөр Увс аймгийн Тариалан суманд Тээлийн гүүр гэх газарт “Nord Benz маркийн автомашин онхолдож, хоёр хүн амиа алдсан байна.

 

 

 

Холбоотой мэдээ