Ирэх жил 42 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийж байна.
Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 11.8 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 27.9 хувь, зарлагыг 13.9 их наяд төгрөг буюу 30 байхаар тооцжээ. Тодруулбал, төсвийн алдагдлыг 2.2 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 5.1 хувьтай тэнцэхээр төсөлд тусгасан байна. Засгийн газар 2021 онд цар тахлын үед авч хэрэгжүүлсэн арга хэмжээний нөлөөллөөр үүссэн төсвийн алдагдлыг бууруулж, төсвийн тогтвортой байдлыг ханган, мөчлөг сөрсөн төсвийн бодлогыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.
Хуулийн төслийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, саналаа хэллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Х.Баделхан, “Ирэх оны төсвийн орлогын 2.1 их наяд төгрөгийг зэс болон нүүрсний экспортоос олохоор төсөвлөсөн байна. Уг орлогыг олон бүрэн боломжтой юу. Асгатын ордыг хэзээнээс ашиглаж эхлэх вэ” хэмээв.
Засгийн газар хилээр гарч буй бүх байгалийн баялгийг хянаж, татвараа бүрэн авахаар боомтуудад шинэчлэлт хийж байгааг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар онцлов. Харин УУХҮ-ийн сайд Г.Ёндон Асгатын мөнгөний ордын хөрөнгө оруулалт болон зураг төслийг 2020-2024 онд хийнэ хэмээв.
УИХ-ын гишүүн Г.Амартүвшин E-Мongolia төслийн эдийн засгийн үр өгөөжийг бодитоор тогтоох хэрэгтэй гэлээ.
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Монгол Улсад цахим шилжилтийг бүрэн хийхэд 7.2 жил шаардлагатай гэсэн судалгаа байгааг дурдлаа. Тиймээс цахим шилжилттэй холбоотой багц хуулийн төсөл өргөн барихаар төлөвлөж буйгаа хэлсэн юм.
Түүнчлэн УИХ-ын гишүүн С.Ганбаатар Оюутолгой төслийн далд уурхайн хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх ажил ямар шатанд явааг тодрууллаа.
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, “Оюутолгой төсөлд Монголын эрх ашгийг хэрхэн хамгаалах, сайжруулах асуудлыг судлахаар 11 хүний бүрэлдэхүүнтэй ажлын баг ажиллаж байна. Дүгнэлтэд хүрэхэд хагас жил орчмын хугацаа хэрэгтэй гэж ажлын хэсэг үзэж байна. Дараа нь Дубайн гэрээг цуцлах уу, үргэлжлүүлэх үү, Монгол Улсын хуулийн дагуу явах уу гэдэг асуудал шийдэгдэнэ” гэсэн хариулт өглөө.
Ирэх онд эдийн засагт хамгийн их эрсдэл дагуулах хүчин зүйл юу болохыг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр тодруулав. Түүнчлэн ирэх онд хэдэн тонн нүүрс экспортод гаргахаар төлөвлөснийг асуув.
Дэлхий нийтийг цочроогоод буй “COVID-19” цар тахал эдийн засагт учирч болох хамгийн том эрсдэл гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар дурдлаа. Мөн байгаль, цаг агаараас шалтгаалан эрсдэл үүсэх магадлалтай гэдгийг хэлж байв.
Ирэх жил 42 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн байна. Энэ хүрээнд Гашуунсухайт боомтын гарц, Шивээхүрэнгийн тээврийн гарцыг нэмэх хэрэгтэй гэдгийг УУХҮ-ийн сайд Г.Ёндон хэллээ.
Хуулийн төслийг хэлэлцэх явцад 14.00 цаг болсон тул хэлэлцүүлгийг түр хойшллуулаа. Учир нь чуулганы нэгдсэн хуралдаанаар Коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар Засгийн газрын мэдээллийг сонсох товтой. УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу Засгийн газрын мэдээллийг баасан гарагийн 14.00 цагт сонсдог юм. Мэдээллийг сонссоны дараа төсвийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлнэ.