Хөдөлгөөний хомсдол нь халдварт бус өвчний гол шалтгаан болжээ

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2020-10-19 12:47:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Идэвхитэй алхалтын 10 хоног" аяныг зохион байгуулах талаар өнөөдөр Спортын төв ордны Хурлын танхимд хэвлэлийн бага хурал болов.

 

Жил бүрийн 10 дугаар сард “Дэлхийн алхалтын өдөр”-ийг идэвхтэй хөдөлгөөн, алхалтын ач холбогдлын талаар олон нийтэд сурталчилж тэмдэглэдэг уламжлалтай. Монгол Улс уг өдрийг 2017 оноос тэмдэглэж байгаа бөгөөд энэ жилийн хувьд НҮБ-д гишүүнээр элссэний 59 жилийн ойг угтан, “Идэвхтэй алхалтын аян” уриан дор зохион байгуулна.


Энэхүү аянг БТСУХ, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Нийслэлийн биеийн тамир спортын хороо, Биеийн тамир чийрэгжүүлэлтийн арга зүйчдийн нийгэмлэг болон бусад ТББ-уудтай хамтран идэвхтэй хөдөлгөөн, алхалтын ач холбогдлыг олон нийтэд 10 дугаар сарын 21-30-нд 10 хоногийн турш сурталчилж, хэрэгжүүлэн зохион байгуулах юм.


Аяны хүрээнд Аймаг, нийслэл, дүүргийн Биеийн тамир спортын газар, хороод, Эрүүл мэндийн төвтэй хамтран 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэг болон дүүргүүдийн ЗДТГ-тай хамтарч албан бичиг хүргүүлж, спорт хорооны мэргэжилтнүүдэд, аж ахуйн нэгж байгууллага, албан газар, иргэд, хувь хүмүүсийг идэвхтэй оролцуулах талаар чиглэл өгсөн байна.


Уг аяны өдрүүдэд төрийн албан хаагчид өдөрт 10 мянга алхах, алхаж ажилдаа ирж, очих, улмаар амьдралдаа хэвшүүлэх, байгууллага, компаниуд хоорондоо алхалтын өдрийг чэлленж байдлаар дамжуулж бусдыгаа уриалах давлагааг өрнүүлэх юм. “Идэвхтэй алхалтын аян”-ы 10 хоногт лифтээр биш шатаар, машинаар биш явганаар зорчихыг уриалсан сурталчилгааг олон нийт болон сошиал орчинд түгээх. Мөн алхалттай холбоотой эрүүл мэндийн зөвлөгөө, гарын авлага, мэдээллийг Монголын оюутны холбоотой хамтарч гарцаар гарч буй иргэдэд тараах юм.


Түүнчлэн “Дэлхийн алхалтын өдөр”-ийг жилд 2 удаа улс даяараа тэмдэглэж байх, алхалтын ач тусыг түгээн дэлгэрүүлэх, таниулах ажлыг цаашдаа тогтмол зохион байгуулах юм байна.



Монгол Улсын хүн амын өвчлөл, нас баралтын шалтгааны дотор сүүлийн 20 гаруй жилд халдварт бус өвчин /ХБӨ/ давамгайлж, нийт өвчлөлийн 77 хувийг эзэлж байгаа аж. ХБӨ-ий анхдагч гол шалтгаан нь зохисгүй хооллолт, хөдөлгөөний хомсдол, архи, тамхины хэрэглээ, стресс бухимдал зэрэг хүний өөрийн зан үйл, амьдарч байгаа хэв маягтай холбоотой.


Ташрамд дурдахад, Дэлхийн хүн амын 3 хүний нэг нь хөдөлгөөний идэвх муутай байдаг. Хөдөлгөөний хомсдлын улмаас жилд 3,2 сая нас барж байна. Мөн хөдөлгөөний хомсдол нь зүрх судасны өвчин, хавдар, чихрийн шижин зэрэг ХБӨ-ий гол шалтгаан болж байгаа юм. Иймд ДЭМБ-аас насанд хүрэгсэд өдөрт 30 минут, хүүхэд өсвөр үеийнхэн 60 минутын хугацаатай идэвхтэй хөдөлгөөн хийх эсвэл өдөрт 10 мянга алхахыг зөвлөж байна.

 

Холбоотой мэдээ