Цар тахал дэгдсэн хэдий ч БНХАУ-ын ДНБ энэ онд 0.7 хувиар өсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2020-10-19 14:37:22

БЭЭЖИН. /Хinhua/. Шинэ коронавирусний цар тахал дэгдсэн хэдий ч нэгдүгээр сараас есдүгээр сарын хооронд БНХАУ-ын Дотоодын нийт бүтээгдэхүүний /ДНБ/ өсөлтийн хурдац эерэг үзүүлэлттэй гарч, 0.7 хувьтай тэнцлээ гэж тус улсын Улсын статистикийн газар мэдээлжээ.


Даваа гарагт хийсэн хэвлэлийн бага хурал дээр танилцуулсан тайланд дурдсанаар, Хятадын эдийн засаг цар тахлийн сөрөг нөлөөнөөс сэргэж байгаатай холбоотойгоор гуравдугаар улирлын динамик үзүүлэлт илүү найдвар төрүүлж, 4.9 хувьд хүрчээ. Өнгөрсөн оны долдугаар сараас есдүгээр сарын хооронд энэ үзүүлэлт 6 хувьтай байсан байна.


Хятадын эдийн засгийн цар хүрээ есөн сарын хугацаанд 72.27 их наяд юань буюу одоогийн ханшаар 10.7 их наяд орчим ам.доллар давсныг тайлан мэдээнд онцолсон байна. Энэ хугацаанд хөдөө аж ахуйн салбар 2.3 хувиар өсөж, 4.81 их наяд юань буюу 717 тэрбум орчим ам.доллар, аж үйлдвэр 0.9 хувиар өсөж, 27.42 их наяд юань /4.1 их наяд ам.доллар/ болсон бол үйлчилгээний салбар 40.04 их наяд юань буюу  5.9 их наяд ам.долларт хүрч, 0.4 хувиар өсжээ.


БНХАУ-ын ДНБ аажмаар удааширч байгаа юм. 2017 онд 6.8 хувьтай байсан бол 2018 онд 6.6 хувьд хүрч буурчээ. Харин 2019 онд тус улсын эдийн засаг 99 их наяд юань /14.4 их наяд ам.доллар/ байхад 6.1 хувьд хүрч өссөн байна.


Эдийн засгийн сэргэлт

Хятадын эдийн засаг коронавирусний цар тахлын сөрөг нөлөөнөөс амжилттай сэргэж байгаа бөгөөд энэ жил ДНБ-ий өсөлтийн хурдац эхний гурван улирлаас илүү өндөр үзүүлэлттэй гарна гэж БНХАУ-ын Улсын статистикийн газрын албан ёсны төлөөлөгч Лю Айхуа мэдэгдэв.


"Хятад улс энэ жил улам бүр өсөн нэмэгдэж буй эерэг өсөлтийг үзүүлнэ гэдэгт бид бүрэн итгэлтэй байна" гэж тэрбээр хэвлэлийн бага хурлын үеэр хэлжээ.


Статистикийн мэдээлэлд хийсэн бодит дүн шинжилгээнд үндэслэн ийм өөдрөг таамаг дэвшүүлж байгааг Лю Айхуа онцлон дурдсан байна. Түүний хэлснээр, энэ нь юуны түрүүнд дотоодын зах зээлийн эрэлт нэмэгдэж, хөрөнгө оруулалтын байдал сайжирсантай холбоотойгоос гадна, БНХАУ-д "эдийн засгийн мөчлөг аажмаар оновчтой болох" үйл явц ажиглагдаж байгаа бөгөөд энэ нь сүүлийн үед ханган нийлүүлэлтийн гол сүлжээнүүдэд сайнаар нөлөөлж байгаа аж. Эцэст нь Хятадын бизнесийн хүлээлт, одоогийн арилжааны үйл ажиллагааны зардал, үр ашгийн тэнцэл сүүлийн саруудад "аажмаар сайжирч" эхэлжээ.


Аж үйлдвэрийн үйлдвэрлэл

Хятадын аж үйлдвэрийн үйлдвэрлэл энэ оны гурван улирлын хугацаанд жилийн дундаж үзүүлэлтээс 1.2 хувиар өсжээ. Тайлангаас үзэхэд зөвхөн гуравдугаар улиралд энэ үзүүлэлт 5.8 хувиар өсөж, дөрөвдүгээр сараас зургадугаар сарын хоорондох үзүүлэлттэй харьцуулахад 1.4 пунктээр нэмэгдсэн байна.


Хятадын аж үйлдвэрийн өсөлт сүүлийн хэдэн жил аажмаар буурч байгаа юм. 2017 онд 6.6 хувь, 2018 онд 6.2 хувьтай байсан бол өнгөрсөн онд эдийн засгийн энэхүү салбар 5.7 хувийн өсөлттэй гарчээ.


Жижиглэн худалдаа

Хятадад өргөн хэрэглээний барааны жижиглэнгийн худалдаа нэгдүгээр сараас есдүгээр сарыг хамарсан хугацаанд 27.33 их наяд юань /одоогийн ханшаар 4.07 их наяд орчим ам.доллар/ болж, жилийн дундаж үзүүлэлтээс 7.2 хувиар буурсан байна.


Тайланд тэмдэглэснээр, дурдсан хугацаанд хөдөө орон нутгийн борлуулалт 6.7 хувиар, хот суурин газруудад 7.3 хувиар буурсан байна. Есөн сарын хугацаанд жижиглэнгийн худалдаа буурсан хэдий ч бараа бүтээгдэхүүний онлайн борлуулалтын хэмжээ ихээхэн нэмэгдэж, 8 их наяд юань /1.19 их наяд гаруй ам.доллар/ болж, 9.7 хувиар өсжээ.


 

Үндсэн капиталын хөрөнгө оруулалт

Нэгдүгээр сараас есдүгээр сарыг хүртэл Хятадад хөдөө аж ахуйгаас бусад арилжааны байгууллагуудын үндсэн хөрөнгөд оруулсан хөрөнгө оруулалт жилийн дундаж үзүүлэлтээс 0.8 хувиар өсөж, 43.65 их наяд юань (одоогийн ханшаар 6.51 их наяд ам.доллар) болов.


Тайлан мэдээнд тэмдэглэснээр, Хятадад гурван улирлын байдлаар хөдөө аж ахуйн компаниудад оруулсан хөрөнгө оруулалтын урсгал 14.5 хувиар өсөж, 1-ээс 6 дугаар саруудтай харьцуулахад 10.7 пунктээр нэмэгджээ. Аж үйлдвэрийн салбарын хөрөнгө оруулалт есөн сарын хугацаанд 3.4 хувиар буурсан бол үйлчилгээний салбарынх 2.3 хувиар өссөн байна.


Түүнчлэн эмийн үйлдвэр болон компьютер, оффисын тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлд оруулсан хөрөнгө оруулалт энэ хугацаанд тус тус 21.2 хувь болон 9.3 хувиар өсжээ.


БНХАУ-ын үндсэн хөрөнгөд оруулсан хөрөнгө оруулалтын өсөлтийн хурдац шинэ коронавирусний халдвар дэгдэхээс өмнө нэлээд удааширсан байна. 2016 онд 8.1 хувь байсан бол 2017, 2018, 2019 онуудад тус тус 7.2 хувь, 5.9 хувь ба 5.4 хувь болж буурчээ.


Ажилгүйдлийн түвшин

БНХАУ-ын хот суурин газруудын хүн амын дунд ажилгүй иргэдийн эзлэх хувь есдүгээр сард өмнөх саруудынхтай харьцуулахад 0.2 пунктээр буурч, 5.4 хувь болсон байна.


Тус улсын статистикийн газрын тайланд дурдаж буйгаар, хөдөлмөрийн насны хүн амын /25-59 нас/ дунд энэ үзүүлэлт 4.8 хувьтай байна.


БНХАУ-ын дундаж иргэн долоо хоногт 46.8 цаг ажилладаг аж. Тайланд дурдсанаар, есөн сарын хугацаанд хөдөө орон нутагт амьдарч буй 179.52 сая иргэнийг ажлын байраар хангажээ. Энэ нь 2019 оны мөн үеийнхээс 2.1 хувиар бага үзүүлэлт аж.


Иргэдийн орлого

Хятадад нэг хүнд ногдох нэрлэсэн орлого энэ оны нэгдүгээр сараас есдүгээр сарын хооронд жилийн дундаж үзүүлэлтээс 3.9 хувиар өсөж, 23.781 юань /3.548 орчим ам.доллар) болжээ.


"Ерөнхийдөө тогтвортой сэргэх хандлага ажиглагдаж байна. Гэсэн хэдий ч тогтворгүйжүүлэгч хүчин зүйлүүд үзүүлэлтийн өсөлтөд нөлөө үзүүлсэн хэвээр байна" гэж Улсын статистикийн газрын тайланд тэмдэглэсэн байна.


Тайланд дурдсанаар, гурван улирлын хугацаанд Хятадын хөдөө орон нутгийн иргэдийн нэрлэсэн орлого 5.8 хувиар, хот суурин газруудын оршин суугчдынх 2.8 хувиар нэмэгджээ.

Холбоотой мэдээ