Нутгийн 30 гаруй хувьд мал өвөлжилт, хаваржилт хэвийн байх боломжтой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-10-20 10:20:20

Ховд /МОНЦАМЭ/. Бэлчээрийн менежментийг сайжруулах, чадавхыг бэхжүүлэх" бүсчилсэн сургалтыг энэ сарын 18-25-ны өдөр Ховд аймагт зохион байгуулж байна.  

Сүүлийн жилүүдэд малын тоо толгой өсөхийн хэрээр бэлчээрийг даацад нь тохируулан зөв менежмент, хуваарьтай ашиглах нь асуудал чухал болсон. Тиймээс Мерси Кор олон улсын байгууллага, Онцгой байдлын ерөнхий газар, Хүнс хөдөө аж ахуйн яам зэрэг мэргэжлийн байгууллага хамтран “Гамшгийн эрсдэлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь -3” төслийн хүрээнд олон талт ажил хэрэгжүүлж байна.

Энэхүү төслийн хүрээнд сумдад бэлчээрийн даац тодорхойлох багц тоног төхөөрөмж олгох, инженерийн хийцтэй худаг засварлах, малчдын зөвлөгөөн зохион байгуулах, сумын бэлчээрийн менежментийн журам батлан хэрэгжүүлэх зэрэг хэд хэдэн томоохон ажил хийсэн.

Тэгвэл энэ удаа “Бэлчээрийн менежментийг сайжруулах, чадавхыг бэхжүүлэх бүсчилсэн сургалт”-ыг Ховд, Баян-Өлгий аймагт зохион байгуулж байна.

Сургалтад төсөл хэрэгжүүлж буй Ховд, Баян-Өлгий, Увс аймгийн 44 сумын бэлчээрийн мэргэжилтнүүд, мал зүйч, газрын даамлууд хамрагдаж байгаа гэж албаныхан мэдээллээ.

Ховд аймгийн 2020-2021 оны бэлчээрийн даацыг тодорхойлсон дүн мэдээгээр нутгийн 30 гаруй хувьд мал өвөлжилт, хаваржилт хэвийн байх боломжтой гэж үзэж болохоор байна. Харин нутгийн 40 орчим хувь нь 1-3 дахин хэтэрсэн, 30 орчим хувьд бэлчээрийн даац гурваас дээш олон дахин хэтэрч гарсан нь өөрийн сумын нутагт мал сүргээ онд оруулах боломжгүйг харуулж байгаа аж. Иймд өөр нутагт отор нүүдэл хийх, хадлан тэжээл бэлтгэх, малын тоог бууруулах зэргээр мал өвөлжилт, хаваржилтын ажлыг сайтар анхаарах, зөв зохицуулах шаардлагатай гэж салбарынхан онцоллоо.  



Холбоотой мэдээ