Аялал жуулчлалынхан нэгдсэн брэнд бүтээгдэхүүн, үйлчилгээ гаргана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-10-20 13:20:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Цар тахлын улмаас аялал жуулчлалын салбарт тулгарч буй бэрхшээл, шийдвэрлэх арга зам" уулзалт хэлэлцүүлэг МҮХАҮТ-д өнөөдөр боллоо. 

Уулзалтын эхэнд МҮХАҮТ-аас хийсэн "Цар тахлын үеийн нөлөөлөл" судалгааны дүнг тус Танхимын бодлого, стратегийн газрын дарга Ж.Оюунчимэг танилцууллаа. "COVID-19" цар тахал бизнест хэрхэн нөлөөлж буй талаарх судалгааг эдийн засаг, бизнесийн салбар тус бүрээр энэ оны 3 дугаар сараас эхлэн хийж, 9 дүгээр сар хүртэл 3-4 удаа явуулж үндсэн дүнг гаргажээ. Энд "COVID-19"-ийн нөлөөлөлд хамгийн их өртөж, орлого буурч хохирол хүлээж буй нь аялал жуулчлалын салбар гарчээ. Араас нь хүнсний бус үйлдвэрлэлийн салбарууд оржээ. Хамгийн бага өртсөн нь мэдээлэл, технологийн салбар, үл хөдлөх хөрөнгийн зах зээл, худалдаа болон хүнсний салбарын үйлдвэрлэл болж буйг танилцууллаа.


1000 гаруй аж ахуй нэгжийг хамруулсан "Цар тахлын үеийн нөлөөлөл" судалгааны дүнгээр аялал жуулчлалын салбарын нийт ААН-ийн 6 хувь бүрэн зогсож,  26 хувь түр зогссон, салбарын нийт орлого 80 хувиар муудсан үзүүлэлт гарчээ. Монгол Улсад албан ёсны бүртгэлтэй аялал жуулчлалын 600 гаруй компани байгаагаас 90 хувийнх нь бизнест хүндрэл учраад байна.  

Энэхүү хүндрэлийг хэрхэн даван туулах, зөв зохистой менежмент хэрэгжүүлэх, төр засгийн бодлого шийдвэрт тусгуулах  гарц шийдэл гаргахаар МҮХАҮТ-ын дэргэдэх Аялал жуулчлалын зөвлөл, Монголын аялал жуулчлалын холбоо, салбарын 30 гаруй ААН-ийн төлөөлөгч нар өнөөдрийн уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа. 


Хэлэлцүүлгээр тус салбарт тулгарч буй бэрхшээл гэхээсээ илүү шийдэх гарц, ойрын болон дунд хугацаанд салбарын бодлого, үйл ажиллагаа шинэчилж өөр арга барилыг сонгон ажиллах шаардлага тулгарч буйг хөндсөн юм. Ингэхдээ аялал жуулчлалын сангийн үйл ажиллагаан дээр төвлөрөн ярилцсан юм. Бас нэг өөр шийдэл бүхий гарц нь аялал жуулчлалын компаниуд нэгдэн Монгол Улсаа сурталчилсан, гадаад зах зээл дээр цаг үетэйгээ тохирсон нэгдсэн нэг брэнд бүтээгдэхүүн, үйлчилгээ гаргах, үйлчилгээний нэг такс, үнэ тарифыг нэг мөр болгох тухайд санал нэгдэв. 


Аялал жуулчлалын сангийн тухайд сангийн хөрөнгийн зарцуулалтыг менежментээр сайжруулах, сангийн үйл ажиллагааны дүрэм журмыг илүү тодорхой болгож гаргах саналыг Аялал жуулчлалын холбооноос тавьж байв. Нөгөө талаар "COVID-19"-ийн цар тахлын хорио цээр, хязгаарлалтын цаг хугацааг ашиглан аялал жуулчлалын салбарт боловсон хүчнээ бэлтгэх хэрэгтэйг дурдав. Мөн тухайн салбарт идэвхтэй үйл ажиллагаа явуулж ирсэн 150 ААН-ийн татварыг чөлөөлөх талаар салбарын мэргэжлийн байгууллага болох Аялал жуулчлалын холбоо МҮХАҮТ-тай хамтран төр, засагт уламжлах саналыг зарим компаниас гаргалаа. 

Гэрэл зургийг Н.Батбаяр


Холбоотой мэдээ