"Мехико-68" олимпын медальтнуудад хүндэтгэл илэрхийллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-10-20 16:50:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр Монгол Улс олимпын наадмаас анхны медальт тамирчдаа өлгийдөн авсан түүхт өдөр бөгөөд Монголын үндэсний олимпын хороо 1968 оны Мехикогийн зуны олимпын наадмаас медаль хүртсэн түүхэн амжилтын эздээ хүлээн авч хүндэтгэл илэрхийллээ.


Зуны XIX олимпийн наадамд Монгол Улс спортын дөрвөн төрөлд 16 тамирчин оролцоход чөлөөт бөхийн төрөлд 87 кг-д Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Жигжидийн Мөнхбат агсан мөнгө, 52 кг-д Ардын багш, гавьяат тамирчин Чимэдбазарын Дамдиншарав, 70 кг-д Ардын багш, гавьяат тамирчин Данзандаржаагийн Сэрээтэр, 78 кг-д гавьяат тамирчин Төмөрийн Артаг агсан хүрэл медаль хүртэж, Монгол Улсын алтан соёмбот далбаагаа Мехикогийн тэнгэрт анхлан мандуулсан түүхтэй.


Өнөөдөр МҮОХ-ны “Олимпик хаус”-т Монгол Улсын ардын багш, гавьяат тамирчин Ч.Дамдиншарав, Монгол Улсын Ардын багш, гавьяат тамирчин Д.Сэрээтэр, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Ж.Мөнхбат агсаны гэргий Ө.Тамир, Монгол Улсын гавьяат тамирчин Т.Артаг агсаны гэргий Д.Баярлах нар хүрэлцэн ирж, МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууган хүлээн авч уулзан энэ хүндтэй алдартнуудад хүндэтгэл илэрхийллээ.

Холбоотой мэдээ