Гавьяат тамирчин Ц.Энхжаргалд МҮОХ-ноос хүндэтгэл илэрхийлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-10-20 17:14:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын 10 удаагийн аварга, гавьяат тамирчин Цогтбазарын Энхжаргалын нэрэмжит насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн цомын тэмцээн өнөөдөр Спортын төв ордны “А” зааланд эхэллээ.


Ц.Энхжаргал нь “Будапешт-2005” ДАШТ-ий хүрэл, 2006 оны оюутны ДАШТ-ий алт, “Бусан-2002”, “Доха-2006” Азийн наадмын хүрэл, Ази тивийн хошой аварга, Ази тивийн АШТ-ий гурван мөнгө, хошой хүрэл, Азийн цомын мөнгө, Иван Ярыгин, Бакугийн “Алтан Гран при”, ОХУ-ын Цомын нээлттэй тэмцээний хүрэл, Дан Колов, Яшар Догу, Румыний ОУТ-ий алт, “Mongolia Open” ОУТ-ий хошой алт, нэг мөнгөн медальт тамирчин юм.



Чөлөөт бөхийн ДАШТ-ий анхны медальт эмэгтэй, анхны эмэгтэй гавьяат тамирчин Ц.Энхжаргал энэхүү тэмцээнээрээ спортын тамирчны замналаа дуусгаж, өөрийн нэрэмжит тэмцээнийг эмэгтэй 10 жингийн ангиллаар зохион байгуулж байгаа юм.


Тус тэмцээнийг нээх ёслолд Монголын үндэсний олимпын хороог төлөөлөн Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган оролцож Ц.Энхжаргалд хүндэтгэл илэрхийллээ.



Монголын эмэгтэй чөлөөт бөхийн түүхэнд анхны томоохон амжилтуудыг гаргасан Ц.Энхжаргал нь манай улсын бахархал, үлгэр дуурайлал болсон эрхэм хүндтэй тамирчин билээ.


Холбоотой мэдээ