Олон улсад нисэхийн салбарын бизнесийн 80 гаруй хувь нь уналтад оржээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-10-20 17:40:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэлсэнтэй холбогдуулан УИХ-ын Төсвийн байнгын хорооны гишүүд орлого төвлөрүүлдэг төсөвт байгууллагуудын ажилтай танилцаж байгаа билээ. Энэ хүрээнд өнөөдөр Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан, УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Булгантуяа, Ч.Ундрам, Г.Тэмүүлэн, С.Амарсайхан, Б.Пүрэвдорж, Ц.Анандбазар, Д.Өнөрболор нар Иргэний нисэхийн ерөнхий газрын ажилтай танилцлаа.


УИХ онцгой нөхцөлд төсвийн хуулийг хэлэлцэж байгаа юм. Тодруулбал, Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Засгийн газраас өргөн мэдүүлсэн төслийн зардал, алдагдлыг нэмэхгүйгээр төсвийн зарцуулалтын тэнцвэрийг хадгалж батлах ёстой. Нөгөө талаас COVID-19-ийн үед төсвийн орлогыг бүрэн дайчилж, тэвчиж болох зардлуудыг танах шаардлага үүсэж байгаа юм.


Олон улсад нисэхийн салбарын бизнесийн 80 гаруй хувь нь уналтад орсон бөгөөд эргэн сэргэж, хэвийн үйл ажиллагаагаа явуулах хүртэл 3-4 жилийн хугацаа шаардлагатайг олон улсын мэргэжилтнүүд хэлж байгаа юм. Тухайлбал, Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбоо (IATA)-ноос COVID-19-ийн 2 дугаар давалгаа эхэлж байгаагаас шалтгаалан олон улсын зорчигчийн урсгал 2023 онд, зорчигч тээврийн орлого 2024 онд цар тахлаас өмнөх үеийн үзүүлэлтэд хүрнэ гэж тооцжээ.


Манай улсын иргэний нисэхийн салбарын орлогын 90 гаруй хувийг бүрдүүлдэг навигац буюу өнгөрөлтийн нислэгийн орлого буурч байна. Тодруулбал, 2018 онд навигацийн орлогоос 167.7 тэрбум төгрөг, 2019 онд 156 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлж байсан бол 2020 онд 75 тэрбум төгрөг болтлоо буурчээ. Одоогийн байдлаар 60 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлсэн байна.


Иргэний нисэхийн ерөнхий газраас өнгөрсөн дөрвөн жилд олон улсын агаарын замуудыг чиг шулуун болгох ажлыг хэрэгжүүлсэн байна. Ингэснээр агаарын тээвэрлэгчид жилд 230 гаруй мянган км зам товчилж, дунджаар 1656 тонн түлш хэмнэн, нүүрсхүчлийн хийн ялгаралт 5220 тонн бага байх тооцоог гаргасан байна.  Мөн агаарын навигацийн үйлчилгээний хураамжийг шинэчилж, 16 шатлалаар хураамж авдаг болжээ. Энэ ажлын дүнд орлого 2016 онд 180 тэрбум төгрөг байсан бол 2017 онд 246 тэрбум төгрөг болж өсжээ.


Агаарын тээврийн орлого 2019 онд ДНБ-ий 2.4 хувь буюу 498 тэрбум төгрөгт хүрч байсан бол энэ онд 1.1 хувь буюу 224 тэрбум төгрөг болтлоо буурсан байна.


Иргэний нисэхийн ерөнхий газрын тухайд навигацийн орлого, нисэх буудлын хураамж, хөөрөлт буулт, ачаа шуудан гэсэн дөрвөн төрлийн үйлчилгээнээс орлогоо бүрдүүлдэг. Жилд дунджаар 130 мянга гаруй өнгөрөлтийн нислэг өнгөрдөг байсан бол 2020 онд өмнөх оныхтой харьцуулахад орлого 147.7 тэрбум төгрөг буюу 46.1 хувиар буурчээ. Мөн буулт, хөөрөлтийн орлого өмнөх оноос 12.7 тэрбум төгрөг буюу 77.4 хувиар, зорчигч үйлчилгээ 11.8 тэрбум төгрөг буюу 83.6 хувиар, бусад орлого 14.5 тэрбум төгрөгөөр тус тус буурчээ.


Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн, "Ирэх оны улсын төсөвт төвлөрүүлэх навигацийн орлогыг Иргэний нисэхийн ерөнхий газраас 48.8 тэрбум төгрөг байхаар саналаа өгсөн ч Сангийн яамнаас 120 тэрбум төгрөг байхаар төсөлд тусгасан. Урсгал зардал болон хойшлуулж болох хөрөнгө оруулалтын зардлаа танаж, эхний ээлжинд орон нутгийн нисэх буудлуудад хийх 20 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаа зогсоосон байна. Орон нутгийн 17 нисэх буудал бий. Жилдээ 100 гаруй мянган зорчигч зорчдог. Эдгээр нисэх буудалд жилдээ 16.2 тэрбум төгрөгийн зардал гардаг. Эргээд олох орлого нь 470 орчим сая төгрөг байдаг. Цаашид орон нутгийн нисэх буудлуудыг хөгжүүлж, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжихэд анхаарах шаардлага бий. Харин “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудал жилд 22 тэрбум төгрөгийн зардалтай бөгөөд 24 тэрбум төгрөгийн орлого олдог" гэлээ.


Гишүүд эдийн засгийн хүнд сорилтын үед орлогыг бүрэн дайчлах, орон нутгийн нисэх буудлуудыг хөгжүүлэх, иргэний нисэхийн салбарт төрөөс үзүүлэх дэмжлэг болон бусад асуудлаар ярилцаж, санал солилцлоо.

Холбоотой мэдээ