Уул уурхайн салбарыг сэргээх талаар хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-10-21 13:49:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсад зохиогддог уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын ""Discover Mongolia" чуулга уулзалт энэ жил "Сэргэлтийн шийдэл" сэдвээр болох гэж буйг зохион байгуулагч Монголын Уул уурхайн ассоциац, "Прайм Инфо" компаниас мэдээллээ. 


Олон улсын энэ чуулга уулзалтаар энэ удаа дэлхий дахинд тархаад буй "COVID-19"-ийн цар тахлын уул уурхай болон эдийн засаг, бизнесийн бусад салбар дахь нөлөөлөл, хямралын нөхцөл байдлын талаар хэлэлцэж, хямралаас гарах шийдэл, гарцын талаар салбарын төлөөлөгч нарын санал бодол, байр суурийг сонсож, стратегийн чиг баримжааг тодорхойлохоор төлөвлөжээ. Мөн цар тахлын дараа эдийн засгийг бэхжүүлж тогтворжуулах, ажлын байрыг бий болгох болон зах зээлийн үр ашгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн хувийн хэвшлийн үүрэг оролцоог хэлэлцэх аж. 

Хувийн хэвшлийг бодлогоор дэмжиж туслах нь улс орны макро эдийн засгийн тогтвортой байдлыг нөхөн сэргээх, уян хатан, олон талт эдийн засгийг бий болгоход чухал гэдгийг хөндөх юм. 

Манай улсын эдийн засаг сүүлийн жилүүдэд уул уурхайн салбарын өсөлтөөс шалтгаалан хамгийн хурдацтай хөгжиж ирсэн. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын баримталсан чиглэл нь уул уурхайн салбараас гадна эдийн засгаа тѳрѳлжүүлэх бодлого байв. Гэвч олон улсыг хамарсан цар тахал гарсан энэ үед Монгол Улсын бодлого боловсруулагчид хайгуул болон уул уурхайн салбарыг сэргээж, гадаадын хѳрѳнгѳ оруулалтыг дахин татахад чиглэн ажиллах шаардлагатай тулгарч байна хэмээн "Discover Mongolia" чуулга уулзалтыг зохион байгуулагчид илэрхийлж байна.


Уул уурхайн хөрөнгө оруулагчдын олон улсын чуулга уулзалт “Шангри-Ла” зочид буудалд энэ сарын 30-нд болохыг дуулгалаа.


Холбоотой мэдээ