Үнэт цаасны зах зээлийн үнэлгээ 2,59 их наяд төгрөгт хүрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2020-10-21 16:08:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ оны гуравдугаар улирлын байдлаар үнэт цаасны зах зээлийн үнэлгээ 2,598.0 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 118.1 тэрбум төгрөг буюу 4.8 хувиар өсжээ.

Тайлант үед нийт 34.9 тэрбум төгрөгийн хувьцааны арилжаа хийж хөрвөх чадвар 1.3 хувь болж буурсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.8 пунктээр бага үзүүлэлт гэдгийг Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээлэв.

Түүнчлэн, мөн улиралд үнэт цаасны зах зээлд үйл ажиллагаа явуулж буй зохицуулалттай этгээд, хувьцаат компаниудыг танилцууллаа. Үнэт цаасны зах зээлд гуравдугаар улирлын байдлаар 225 зохицуулалттай этгээд, 318 хувьцаат компани үйл ажиллагаа явуулжээ.

ТОП-20 индекс өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 1,925.9 нэгжээр буюу 9.9 хувиар буурч 17,531.6 нэгж болсон байв. Хөрөнгийн бирж “Үнэт цаасны үнийн индекс тооцох журам”-ыг шинэчлэн баталж, 2018 оны хоёрдугаар сараас эхлэн үнэт цаасны бүртгэлийн нэг, хоёрдугаар ангилалд багтах компанийн зах зээлийн үнэлгээнд суурилсан индексүүдийг тооцжээ. Тайлант хугацаанд MSE A индекс өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 841.2 нэгжээр буюу 9.3 хувиар буурч 8,218.9 нэгж болсон бол MSE B индексийн хувьд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 50.7 нэгжээр буюу 0.7 хувиар буурч 7,558.5 нэгж болсон байна. 

Холбоотой мэдээ