Монгол бөхөнгийн судалгаанд зориулан хөрөнгө оруулалт хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-10-21 15:44:30

Ховд /МОНЦАМЭ/. Дэлхийд нэн ховор монгол бөхөнгийн судалгаанд зориулсан хөрөнгө оруулалт хийж, оролцооны эпидемиологийн тандалт судалгаа явуулж байна гэж Ховд аймгийн Мал эмнэлгийн газраас мэдээллээ.

Байгаль, зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэг (WSC)-ээс Ховд аймгийн Мал эмнэлгийн газар, Манхан, Чандмань, Дарви сумын мэргэжилтэнд зургийн аппарат олгожээ.

Мөн Дэлхийн байгаль хамгаалах сангийн Ховд аймаг дахь төлөөлөгчийн газрын байгаль хамгаалагч болон дээрх сумдын бөхөнгийн байгаль хамгаалагч, байгаль орчны улсын байцаагчид телескоп дуран өгч бодит хөрөнгө оруулалт хийжээ.

Тодруулбал, тус байгууллагаас нийт 16.2 сая төгрөгийн үнэ бүхий багаж хэрэгслийг Ховд, Говь-Алтай аймгийн нэр бүхий сумдын Мал эмнэлгийн тасгийн тархвар зүйч, байгаль хамгаалагч нарт хүлээлгэн өгсөн гэж албаны эх сурвалж мэдээллээ.

Улмаар Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын МАЭМА-ны дарга Б.Мөнхбаатар сумдад очиж тус багаж хэрэгслийг хүлээлгэн өгсөн бөгөөд өмнөх есдүгээр сард хийсэн тандалт судалгааны ажлын баримт материалтай танилцаж, зөвлөмж чиглэл өгчээ.

Байгаль, зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэг (WSC)-ээс сумдад энэ оны 9-11 дүгээр сард гурван удаа тандалт судалгааны ажил хийх зардлыг бүрэн санхүүжүүлж байгаа аж.

Мөн тандалтын багийн гишүүд сар бүрийн 19-22-ны өдөр бөхөнгийн тархац нутгаар явж, монгол бөхөнгийн байршил, тархац, тоо толгой, бэлчээрийн төлөв байдал, тэдгээрийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй эрсдэлт хүчин зүйлсийг тандан судалж байна.

Тухайлбал, одоогоор бог малын мялзан өвчний талаар тухайн бүс нутгийн малчдаас оролцооны аргаар тандан судлах, газрын зураглал гаргах, үнэлгээ хийх, зэрлэг амьтны өвчлөл, хорогдлыг илрүүлэхэд smart аргыг нэвтрүүлэх зэрэг судалгааны ажил хийж байгаа аж.

Ийнхүү орон нутгийн Мал эмнэлэг, байгаль орчныг хамгаалах байгууллагын хамтын ажиллагааг уялдуулан зохицуулж, зэрлэг амьтан болон мал сүргийн эрүүл мэндийг хамгаалах үйл ажиллагаанд бодит хөрөнгө оруулалт хийж, санхүүжүүлэн хамтдаа ажиллаж буй Байгаль, зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэг (WSC)-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал Ш.Энхтүвшин, төслийн ажилтан Д.Батчулуун нарт аймаг, сумдын холбогдох мэргэжилтнүүдийн зүгээс гүн талархал илэрхийлж байв.  

Холбоотой мэдээ