Турк Азербайжан руу цэргүүдээ илгээхэд бэлэн гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-10-22 10:42:07

АНКАРА. /Anadolu/. Азербайжан хүсэлт тавьбал бид тус улс руу цэргүүдээ илгээж, цэргийн дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна гэж Туркийн дэд ерөнхийлөгч Фуат Октай мэдэгджээ.


“Энэ тухай ерөнхийлөгч Уулын Карабахт нөхцөл байдал хурцдаж эхэлсэн эхний өдрөөс л мэдэгдсэн. Азербайжан, Туркийн хооронд байгуулсан цэргийн хэлэлцээр, цэргийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээрүүд гэж бий. Арменийн зүгээс урьдчилан тооцоологдоогүй алхам хийгдэж, Азербайжан хүсэлт тавьбал Турк улс болон ерөнхийлөгч эргэлзэн тээнэгэлзэхгүй” гэж Октай хэлэв.


Одоогоор Азербайжанаас ийм хүсэлт аваагүй гэдгийг тэрбээр цохон тэмдэглэв. Түүнчлэн тэрбээр Уулын Карабахын сөргөлдөөнийг зохицуулах асуудлаар ЕАБХАБ-ын Минскийн бүлгийн явуулж буй үйл ажиллагааг шүүмжилжээ. Минскийн бүлэг асуудлыг шийдэгдээгүй чигээр нь үлдээж, улс төрийн төдийгүй цэргийн хувьд Арменийг дэмжиж байна гэж тэрбээр хэлсэн байна. 

Холбоотой мэдээ