Д.Рэгдэл: Олон улсын хэмжээнд Монголын шинжлэх ухааны эзлэх байр суурийг дээшлүүлэхийг зорино

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2020-10-23 10:02:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дөрвөн жилд нэг удаа болдог Монгол Улсын ШУА-ийн ээлжит Их чуулган өчигдөр болж, ШУА-ийн ерөнхийлөгчөөр одоогийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэлийг улираан сонголоо.


ШУА-ийн Их чуулганы гишүүн 58 академич байдгаас хуралдаанд 49 академич оролцож 47 нь дэмжсэн буюу нийт гишүүдийн 95.9 хувь нь академич Д.Рэгдэлд саналаа өгчээ. Академичид өнгөрсөн 4 жилийн хугацаанд ШУА-ийн ерөнхийлөгчөөр ажилласан академич Д.Рэгдэлийн 4 жилийн мөрийн хөтөлбөрийн зорилго үйл ажиллагааны хэрэгжилтийг шүүн хэлэлцэж, дэвшүүлсэн зорилтоо хангалттай хэрэгжүүлсэн гэж дүгнэжээ. Мөн ирэх 4 жил хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг тал бүрээс нь ярилцаж энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломж олгох үүднээс Д.Рэгдэлийг ерөнхийлөгчөөр улираан сонгох саналыг дэмжсэн байна.

Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Д.Рэгдэл ирэх дөрвөн жилийн мөрийн хөтөлбөртөө олон улсын тавцанд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, шинжлэх ухаан, технологийн салбарын нийгэмд эзлэх байр суурийг нэмэгдүүлэх, судалгаа, хөгжүүлэлтийн ажлын үр өгөөжийг дээшлүүлэх тухай тусгажээ.


Их чуулганы дараа түүнээс дараах зүйлийг тодрууллаа.


-ШУА-ийг та дөрвөн жил удирдлаа. Энэ хугацаанд хийж, хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнгээс хуваалцаач?

-Өнгөрсөн дөрвөн жил нэлээн онцлогтой байлаа. Сайн талаасаа төр засгаас шинжлэх ухаанд хандах хандлага өөрчлөгдсөн 4 жил гэж тодорхойлж болно. Хандлага өөрчлөгдсөний хүчээр хөрөнгө оруулалтыг эрс нэмэх шийдвэр гарч Эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн нэгдсэн цогцолбор барилга байгууламжийн ажил эхэлж байна. Түүхэнд байгаагүй 100 жилийн бүтээн байгуулалт гэж бид нэрлэж байгаа. Нөгөө талаар эрдэм шинжилгээний ажлын улсын төсөв зардлын хувьд “COVID-19” цар тахлаас болоод нэлээд хумигдсан. Үүний нөлөө хоёр жил орчмын дараа гарч эхэлнэ.

Ер нь төр засгийнхны хандлага өөрчлөгдөнө гэдэг салбарынханд их урам өгдөг юм байна. Энэ 4 жилд бид гол зорилгоо хүний нөөцийг хөгжүүлэх, гадаад харилцаагаа эдийн засагжуулах асуудалд төвлөрүүллээ. Улсын төсвөөс гадна өөрсдөө үндсэн үйл ажиллагааныхаа дагуу судалгаа шинжилгээний гэрээт ажлаар орлого олох чадамжаа  дээшлүүлэх гэсэн гурван зүйлд төвлөрлөө.

2019-2020 оны гүйцэтгэлээс улсын төсвийн 25-30 орчим хувьтай тэнцэх хэмжээний төсвийн гадуурх менежментийн орлого олж чадаж байна. Үүний үр дүнд салбарын санхүүжилт нэмэгдэх ёстой. 2024 он гэхэд төсвийн санхүүжилтийг 4 дахин нэмнэ гэж заасан. Тэгэхээр 4 дахин нэмсэн санхүүжилтийг 2024-2025 оноос авна гэхэд салбар илт өндийгөөд ирнэ. Улс орны эдийн засагт бодитой хувь нэмэр оруулдаг болно. Энэ бол дэлхий даяар судалгаагаар гарсан үзүүлэлт юм. ДНБ-ийг нэг хувьд хүргэнэ гэдэг том алхам. Үүнийг найдан хүлээж байна.


-Хүний нөөцийн хувьд, эрдэмтэн судлаачийг бэлтгэх, гадаад харилцаагаа хөгжүүлэх, нийгмийг соён гэгээрүүлэхэд хэрхэн анхаарч ажиллав?

-Жил бүр 70-80 судлаачийг урт богино хугацаанд гадаадын өндөр хөгжилтэй орны лабораторид ажиллуулдаг байсан. Энэ  онд хүн явуулж чадаагүй ч гадаад харилцаагаа эдийн засагжуулахад нэлээн амжилт олсон. 2020 оны 9 дүгээр сард гаргасан тооцоогоор гадаад хамтын ажиллагаанаас 3.5 тэрбум төгрөгийн орлого олсон. Үүнд хамтын судалгаа, гадаадаас хийсэн хөрөнгө оруулалт багтаж байгаа юм. Аль ч орны байгууллага, ялангуяа академик байгууллага, эрдэм шинжилгээний хүрээлэн, их сургуулиуд нийгмийг гэгээрүүлэх ажлыг хийх ёстой.

Өнгөрсөн дөрвөн жилд бид нийгмийг гэгээрүүлэх чиглэлд нэлээн цар хүрээтэй ажил хийсэн. Жил бүр 10 гаруй яамны шинжлэх ухааны салбаршуулсан товхимлыг тогтмол гаргаж ЕБС-иудад үнэ төлбөргүй тарааж байна. Эрдэмтдийн цуврал лекцийг сар бүр, Шинжлэх ухааны академич нарын лекцийг мөн зохиож байна. ЕБС хүүхдэд зориулж “Эрдмийн аян”-ыг сүүлийн 4 жилд зохиож байгаа. ЕБС-ийн сурагчид манай одон орон, геополитик, од эрхсийн танхимд сууж байгаад од эрхсийн хөдөлгөөнтэй холбоотой лекц сонсон, бодитой төсөөлөл авч байна.

Мөн Палентологийн музейг үзүүлэх гэх мэт соён гэгээрүүлэх ажил байнга хийж байгаа. Түүнчлэн академик байгууллагуудын хийх ажил бол Засгийн газартаа зөвлөгөө өгч байх ёстой. Энэ чиглэлээр бид яг ийм ажил хийсэн гэж хэлэхэд хэцүү. Гэхдээ бид УИХ, Засгийн газар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газарт нийтдээ зөвлөмжийн чанартай бичиг баримт 60 орчим хувийг явуулсан. Түүнийг зөвлөгөө болж байна уу, үгүй юу гэдэг нь  мэдэгддэггүй. Яагаад гэвэл тэндээс эргэх холбоо алга, механизм байхгүй байна гэсэн үг. Гэхдээ бид Засгийн газарт зөвлөх үйлчилгээгээ ирэх 4 жилд сайжруулах ёстой.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн санаачилгаар ШУА-ийн ерөнхийлөгч 10 дугаар сарын 1-нээс  Засгийн газрын хуралдаанд орж байгаа. Энэ хуралдаанд санал хэлэх эрхтэй учраас саналаа хэлэх, Засгийн газарт зөвлөх ажиллагааг эрчимжүүлж, шинэ боломж нээх боломжтой гэж үзэж байгаа.


-Шинжлэх ухааны салбарт ажиллаж буй эрдэмтэн судлаачдын цалингийн асуудал байнга л хөндөгддөг. Энэ талаар ямар дорвитой ажил хийсэн бэ?

-Цалин хөлсний асуудал тулгамдаж байна. Өнгөрсөн 4 жилийн дүнгээр эрдэм шинжилгээний ажилчдын цалин дунджаар 31 хувь нэмэгдсэн. Олон улсын жишгээр эрдэм шинжилгээний хүрээлэнгийн ажилтан, их сургуулийн багш, профессорын цалин нэг түвшинд байдаг. Тухайлбал, АНУ-д эрдэм шинжилгээний ажилтны цалин их сургуулийн багшийнхаас 25-30 хувиар илүү байдаг. Энэ нь ажлын онцлогтой холбоотой. Харин манайд эрдэм шинжилгээний ажилтан их сургуулийн багшаас 2 дахин бага цалинтай. Тэгэхээр бид цалинг энэ түвшинд хүргэх ойлголт дохиог төр засаг, ард түмэндээ өгөх ёстой гэж үзэж байгаа. Энэ нь их сургуулийн багшийн цалинг буулгаад эрдэм шинжилгээний ажилтны цалинтай ижил болгоно гэсэн үг огт биш.

Эрдэм шинжилгээний ажилтны цалинг дээш нь татах талаар бүх талаар чармайж ажиллана. Ингэж байж их сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэн тэнцвэртэй ажиллана. Одоо хаана их цалинтай руу нь чадвартай нь орж байна. Эрдэм шинжилгээний академиас их сургууль руу гэсэн ганцхан чиглэлтэй явж байгаа. Бид урсгалыг зогсоох хамгийн үр нөлөөтэй арга бол цалинг нэг түвшинд аваачих арга юм. Ингэснээр хоёр байгууллага нэг зэрэг тогтвортой, урт удаан хөгжих бололцоотой болно.


-Ийм боломж бололцоо бий юу?

-Боломжтой, үүнд асар их мөнгө орохгүй. Монгол Улсын хэмжээнд бүтэн орон тоогоор ажилладаг 1700 эрдэм шинжилгээний ажилтан байдаг. Тэдний цалинг нэмэхэд бага мөнгө орно, манай эдийн засагт бараг мэдэгдэхгүй. Гагцхүү зөв ойлгож дэмжих асуудал чухал юм. Төр засгийн хандлага өөрчлөгдсөн энэ он жилүүдэд бид асуудлаа шийднэ гэдэгт итгэлтэй байна.


-Засгийн газраас эрдэм судлаачдынхаа үгийг сонсдог боллоо.  Тэгэхээр яаж эргэх холбоотой ажиллах вэ?

-Хамтын ажиллагаа хоёр талаасаа эргэх холбоотой байж бодитой ажил болдог. Тэгэхээр төр засгийн удирдлагын түвшинд биш гэхэд дунд түвшиндээ дарга гэдэг ойлголт маш хүчтэй байгаа юм. Эрдэм шинжилгээний ажилтан бол төрийн үйлчилгээний албан хаагч. Тэгэхээр дарга асуултад хариулахгүй байж болно. Санал санаачилгад нь хариу өгөхгүй байж болно гэдэг ойлголт нэлээн байгаа. Тэгэхээр бидний ажиллагаатай холбоотой. Ямар нэг байдлаар ойлгуулж механизмыг бүрдүүлэхэд бид хамтран ажиллах нь илүү үр дүнтэй.


-Дараагийн дөрвөн жилд хийж, хэрэгжүүлэх ажлаа хэрхэн төлөвлөж байна вэ?

-Өнгөрсөн 4 жилд хэрэгжүүлсэн ШУА-ийн хөгжлийн дунд хугацааны стратеги төлөвлөгөөгөө хэрэгжүүлнэ. Дараагийн ерөнхийлөгчийн хугацаа 2025 онд дуусна. Тэгэхээр стратеги төлөвлөгөөний хүрээнд тусгасан асуудлаа Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлоготой уялдуулан мөрийн хөтөлбөр гаргасан. Үүнд, эрдэм шинжилгээний байгууллагын улс орны хөгжилд оруулах хувь нэмрийг мэдэгдэхүйц дээшлүүлэх зорилттой. Мөн олон улсын хэмжээнд Монголын шинжлэх ухааны эзлэх байр суурийг дээшлүүлэх нь чухал. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн томоохон сэтгүүлүүдэд монгол эрдэмтдийн бичсэн өгүүллийг хэвлүүлэх ажлыг бүх талаар дэмжинэ.

Том сэтгүүлүүд хэвлэхдээ эрдэм шинжилгээ хийсэн туршилтын багаж, тоног төхөөрөмжийн чанарын үзүүлэлтийг шалгах гэх мэтээр төлбөр авдаг. Тиймээс багаж тоног төхөөрөмжөө сайжруулж, нэг өгүүлэлд төлдөг 3-5 мянган ам.долларыг төлдөг чадвартай болох ёстой. Үүнийг бид хийх ёстой. Ингэж байж олон улсын шинжлэх ухааны газрын зураг дээр Монгол орны зургийг илүү тод гаргаж чадна. Энэ ажлыг зайлшгүй хийнэ. Мөн гадаадын эрдэм шинжилгээний байгууллагатай хамтран ажиллаж тэдний давуу талыг Монголд нутагшуулах ажилд анхаарах гээд хийх ажил зөндөө бий. Монголд аливаа салбарын үйл ажиллагаа эрх зүйн орчинтой холбоотой байдаг. Тиймээс бид ирэх 4 жилд ШУА-ийн ерөнхийлөгч хэн байхаас үл хамааран эрх зүйн байдлаа сайжруулах талаар анхаарна. Эхний алхмуудаа хийсэн  учраас цаашид болно гэж үзэж байгаа.


Холбоотой мэдээ