МИАТ: Захиалгат нислэгт явсан хятад иргэд Улаанбаатарт буугаагүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2020-10-22 22:20:19
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-д саатсан хятад иргэдийг БНХАУ-д хүргэх захиалгат нислэгийн зорчигчдыг агаарын хөлгөөс буулгаагүйг МИАТ ТӨХК-иас албан ёсоор мэдэгдлээ. 


Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК нь БНХАУ-ын хүсэлтийн дагуу 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Москва-Улаанбаатар-Хөх хот-Бээжин чиглэлд ОХУ-д саатсан хятад иргэдийг БНХАУ руу тээвэрлэн хүргэх захиалгат нислэгийг үйлдсэн. Энэхүү нислэгийг БОИНГ-767 загварын агаарын хөлгөөр үйлдэж Улаанбаатар хотын “Буянт-Ухаа” нисэх буудалд түлшээ цэнэглэсэн. Энэ үед ямар нэгэн зорчигч тус агаарын хөлгөөс буухгүй байхаар зохион байгуулсан. Мөн зорчигчдод ОХУ-д шинжилгээ хийлгэсэн байх шаардлага тавьсан ч Хөх хотод "COVID-19"-ийн шинжилгээ авахад 5 иргэнээс халдвар илэрсэн байна.


Энэ төрлийн нислэгийг БНХАУ-ын ИНЕГ-ийн зөвшөөрлөөр үйлддэг. Одоогоор "COVID-19"-ийн халдвартай зорчигч илэрсэн тул "Ethiopian Airlines" 5 долоо хоног, "China southern" 5 долоо хоног, "Saudi Arabian Airlines" 1 долоо хоног, "Vietnam Airlines" 1 долоо хоног, "МИАТ Mongolian Airlines" 1 долоо хоногийн нислэгээ түр хугацаагаар зогсоосон.


МИАТ ТӨХК нь "COVID-19"-ийн халдвар илэрснээс хойш үйлдэж буй бүх захиалгат болон тусгай нислэгийн дараа агаарын хөлгийг ДЭМБ, ЭМЯ, ХӨСҮТ болон Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбоо (IATA)-ноос гаргасан зөвлөмжийн дагуу ХӨСҮТ, ЗӨСҮТ-өөр ариутгал, халдваргүйтгэлийг хийлгэж байна. Мөн жирийн үед 6 сар тутамд сольдог агаарын хөлгийн шүүлтүүрийг нислэг тутамд сольж өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгааг мэдээллээ.


Дээрх нислэгт ажилласан МИАТ ТӨХК-ийн нисэх бүрэлдэхүүн "COVID-19"-ийн шинжилгээ өгөхөд халдвар илрээгүй гэдгийг Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК-ийн мэдэгдэлд онцолжээ.

Холбоотой мэдээ