ИТХ-ын анхдугаар хуралдаан боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-10-25 10:50:49

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хуралдлаа. Хуралдаанд ирвэл зохих 37 төлөөлөгч бүрэн оролцож хуралдааны ирц 100 хувь байв. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6-д заасны дагуу анхдугаар хуралдааныг шинээр сонгогдсон төлөөлөгчдийн насаар хамгийн ахмад нь нээж удирдах тул Төлөөлөгч Ц.Нямдорж хуралдааныг нээж даргаллаа.

Анхдугаар хуралдаанаар хэлэлцэх эхний асуудал Төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай асуудал байлаа. Аймгийн ИТХ-ын ээлжит сонгуулийн дүнг аймгийн Сонгуулийн хорооны дарга Ө.Сувдаа танилцуулж, төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөн тогтоосны дараа шинээр сонгогдсон төлөөлөгчдөд энгэрийн тэмдэг, үнэмлэхийг хуралдааны дарга гардуулан өглөө. Тус хуралдааны хоёрдугаар асуудлаар Төлөөлөгчид дэгийн төсөлтэй танилцан асуултгүй, саналгүй анхдугаар хуралдааны дэгийг баталлаа. Хуралдааны гуравдугаар асуудал нь аймгийн ИТХ-ын даргыг сонгох тухай байв. Олонх болсон МАН-ын бүлгээс аймгийн ИТХ-ын даргад Баасансүрэнгийн Нарантуяаг нэр дэвшүүлэв. АН-ын бүлгээс ИТХ-ын даргад нэр дэвшүүлэх саналгүй гэсэн тул төлөөлөгч Баасансүрэнгийн Нарантуяаг аймгийн ИТХ-ын даргаар сонгох тухай саналыг нээлттэй хурааж, төлөөлөгчдийн 100 хувийн саналаар Сэлэнгэ аймгийн ИТХ-ын даргаар Баасансүрэнгийн Нарантуяаг сонголоо. Анхдугаар хуралдааны дөрөвдүгээр асуудал нь аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тоог тогтоож, Тэргүүлэгчдийг сонгох тухай асуудал байв. Уг асуудалд аймгийн ИТХ-д суудалтай намын бүлгүүд 30 минутын завсарлага авч бүлгийн хурлаа хийлээ. МАН-ын бүлгээс Тэргүүлэгчдийн тоог 11 байхаар, Тэргүүлэгчээр Б.Нарантуяа, Ш.Оргил, Ж.Сайнцог, Ө.Чимэддорж, А.Мөнхтуяа, С.Шижирбаатар, Г.Бат-Орхон, Б.Сэргэлэн, Н.Лхагвадорж, Ц.Мөнхдорж нарыг, АН-ын бүлгээс Д.Бадрахын нэрийг дэвшүүлэв. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид нэр дэвшсэн 11 төлөөлөгчийн нэр тус бүрээр гар өргүүлэн ил санал хурааж дээрх нэр бүхий 11 төлөөлөгчийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчээр сонголоо. .Анхдугаар хуралдааны тавдугаар асуудал нь аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай асуудал байлаа. Олонх болсон МАН-ын бүлгээс аймгийн Засаг даргад Шархүүгийн Оргилыг нэр дэвшүүлж, төлөөлөгчдийн 100 хувийн саналаар Шархүүгийн Оргилыг Сэлэнгэ аймгийн Засаг даргад томилуулахаар нэр дэвшүүлэн Монгол Улсын Ерөнхий сайдад санал уламжиллаа.

Энэ удаагийн шинээр байгуулж буй Сэлэнгэ аймгийн ИТХ нэлээд онцлогтой баг бүрдэж байна. Тодруулбал аймгийн түүхэнд анх удаа эмэгтэй ИТХ-ын даргатай болж, нийт 37 төлөөлөгч сонгогдсоноос 12 төлөөлөгч улиран сонгогдож, 25 төлөөлөгч шинээр анх удаа сонгогдож байна. Дээрх бүрэлдэхүүний 32 төлөөлөгч нь эрэгтэй, 5 нь эмэгтэй юм. Эдгээр төлөөлөгч дотроос Цагааннуур сумаас сонгогдсон Ө.Чимэддорж 1992 оноос хойш тасралтгүй аймгийн ИТХ-д сонгогдож буй хамгийн туршлагатай төлөөлөгч болж байгаа бол нийт төлөөлөгчдийн 25 нь сумын ИТХ-д 1-8 удаа сонгогдож байсан аж. Төлөөлөгчдийн хамгийн ахмад нь 65 настай Баруунбүрэн сумаас сонгогдсон Ц.Нямдорж, хамгийн залуу нь Мандал сумаас сонгогдсон 29 настай Т.Батзул байлаа.

 

Холбоотой мэдээ