Монгол Улс Геологийн алба байгуулаад 81 жил болжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2020-10-24 12:07:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад Геологийн алба байгуулагдсаны 81, геологийн үндэсний мэргэжилтэн бэлтгэсний 60 жилийн ой боллоо.

Ойн хүрээнд Монголын Геологийн холбоо, МУИС хамтран “Монголын ба бүс нутгийн геологийн асуудлууд GIMAR-2020” эрдэм шинжилгээний хурал болов. УУХҮ-ийн сайд Г.Ёндон энэ үеэр, “Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт улсын төсвийн хөрөнгөөр хийх геологи, судалгааны ажлыг эрчимжүүлж, эрдэс баялгийн нөөцийг нэмэгдүүлнэ. Үндэсний гео мэдээллийн нэгдсэн санг хөгжүүлж, цахим систем нэвтрүүлж, төрийн үйлчилгээг шуурхай үзүүлнэ. Өндөр технологийн түүхий эд болох газрын ховор элемент, үнэт, өнгөт, хар, холимог металл, металл бус ашигт малтмал, газрын тосны эрэл, хайгуулын ажлын хөрөнгө оруулалтыг нэмж, эрдэс баялгийн нөөцийг арвижуулна гэсэн зорилт дэвшүүлсэн”-ийг дуулгав. Хуралд Үндэсний Геологийн алба, Монголын геологийн холбоо, Монголын геологийн холбоодын нэгдсэн зөвлөл, МУИС, ШУТИС, Шинжлэх ухааны харьяа геологи, палентологийн хүрээлэн оролцлоо.

Уул уурхайн салбар нь энэ оны эхний хагас жилийн байдлаар ДНБ-ий 18, аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүний 68, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 73, экспортын бүтээгдэхүүний 94 хувийг бүрдүүлжээ. 

Холбоотой мэдээ