Ховд аймгийн нутаг дэвсгэрт 450-500 орчим ирвэс бий

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-10-25 11:25:52

Ховд /МОНЦАМЭ/. “Ирвэсний эх нутаг-2020” фестиваль энэ сарын 24-ний өдөр Ховд аймагт боллоо. Тус үйл ажиллагаа нь “Ирвэстэй найзалсан найман жил” уриан дор өрнөснөөрөө онцлогтой.   

Үүнд Ховд, Говь-Алтай, Баян-Өлгий, Увс аймгийн байгаль орчны салбар байгууллага, баруун бүсийн ирвэстэй нутгийн эко клубийн сурагчдын төлөөлөл 150 гаруй хүн оролцов. 

Тэд өнгөрсөн хугацаанд ирвэс хамгаалах зорилгоор хийсэн ажлаа нэгтгэн дүгнэж, түүний идэш тэжээл болох амьтад,  өнөөгийн нөхцөл байдлын талаар нээлттэй ярилцлаа. Мөн нэн ховор амьтны амьдрах орчныг хамгаалахад цаашид юу хийх шаардлагатай тухай хэлэлцэж байгаа юм.   

Энэ үеэр баруун бүсийн ирвэстэй нутгийн эко клубийн сурагчид, мэргэжлийн байгууллагууд найман жилийн хугацаанд ирвэсийг судалсан, хамгаалсан онцлог амжилтуудаас танилцууллаа. Мөн гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж, цоохор ирвэсний багт жүжигчилсэн тоглолт зэргээр мэндчилгээ дэвшүүлэв.

Дэлхийд 5000 гаруй ирвэс байдгаас 1000 гаруй нь Монголд бий. Тэгвэл Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар байгаль хамгаалагч, нутгийн иргэдийн оролцоотойгоор Ховд аймгийн өндөр уулын бүс нутаг болох Алтан хөхий, Мөнххайрхан уул, Баатарын нуруунд автомат камер байршуулж, 450-500 орчим ирвэс нутагшиж байгааг тогтоосон аж.

Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын санаачилгаар нэн ховор цоохор ирвэсийг таньж, мэдэх, экологийн ач холбогдлыг нь олон нийтэд танин мэдүүлэх, хамгаалахад  уриалах зорилгоор “Цоохор ирвэс хамгаалах олон улсын өдөр”-ийг Монголд 2013 оноос эхлэн тэмдэглэж байгаа. 

Уг ажилд ерөнхий боловсролын сургуулийн эко клубийн сурагчид  идэвхтэй оролцдог. Улмаар "Ирвэсний эх нутаг" үйл ажиллагаа жил бүр өргөжин тэлж, сурагчдын санаачилсан ажил баруун бүс, улсын хэмжээнд шийдвэр гаргагч, олон нийтийн анхаарлыг татаж, эерэгээр нөлөөлж чаддаг болсон гэж салбарын мэргэжилтнүүд онцоллоо. 

Тодруулбал, Ховд аймгийн Манхан, Чандмань сумын ерөнхий боловсролын сургуулийн эко клубийн сурагчид хамтран "Жаргалант хайрхан уул"-нд хавханд орж, хөл нь тасарсан ирвэсийг хамгаалах зорилгоор зуны амралтын хугацаанд “Хавхгүй ууланд хамаг амьтан жаргалтай” аян өрнүүлж, нутгийн малчдаас 260 гаруй хавх цуглуулсан нь баруун бүсийн бусад аймаг, улсын хэмжээнд жишиг санаачлага болж, одоо ч амжилттай өрнөсөөр байна.

Энэхүү ажлын талаар Манхан сумын "Бөхөн" эко клубийн багш Ш.Отгонбаяр хэлэхдээ: Манай эко клуб 2001 онд 20 орчим гишүүнтэй байгуулагдсан. Баруун бүсийн хамгийн анхны эко клуб гэдгээрээ онцлогтой. Одоогоор 5-12 дугаар ангийн сурагчдын төлөөлөл 60 гаруй гишүүнтэй үйл ажиллагаа явуулж байна. Ийнхүү 20 орчим жилийн түүхтэй “Бөхөн” эко клубийг удирдан ажиллаж, сурагчдын шинэ санаачилгыг дэмжиж байгаадаа талархалтай байна. Учир нь манай клубийн үйл ажиллагаа ирвэсийг хамгаалах ажилтай салшгүй холбоотой. Бид 2015 оноос эхлэн “Хавхгүй ууланд хамаг амьтан жаргалтай” аян өрнүүлсэн. Энэ аяныг эхлүүлсэн түүх гэвэл, Дэлхийн байгаль хамгаалах сантай хамтран ажиллаж ирсэн. Тэд нэгэн удаа хавханд орсон ирвэсний бичлэгийг сурагчдад үзүүлсэн юм. Ер нь хавханд орсон ямар ч амьтан их зовдог учраас клубийн гишүүд ярилцаж байгаад хөдөөний айлуудад хэр их хавх байдаг талаар судалгаа хийсэн. Ийнхүү зэрлэг ан амьтанд хөнөөлтэй хавхыг хэрэглээнээс гаргах талаар бид ажиллаж эхэлсэн юм.

Тэгээд малчдаас хавхыг нь авах талаар ярилцсаны эцэст бид малчдад хамгийн хэрэгтэй бараа материалаар солих аргыг сонгосон. Ингээд сумын баяраар малчид, иргэд цугласан үеэр сурталчилгааны самбар байршуулж, мэдээлэл түгээсэн. Мөн зэргэлдээ Чандмань сумын “Хос Алтайн эзэд” эко клубтай хамтран ажилласан. Ингээд бид нийт 260 гаруй хавх цуглуулж чадсан. Бид малчдаас хураасан хавхыг яах вэ гэдэг асуудал үүссэн. Улмаар мэргэжлийн байгууллагууд тэдгээр хавхыг ашиглах замаар ирвэсний хөшөө босгосон юм. Энэ нь Монголд хамгийн анхны хавх ашиглан хийсэн хөшөө болсонд хүүхдүүд баярлаж, нэлээд урам авсан. Үүний дараа малчид хавхыг хэрэглэсээр байсан.

Тиймээс бид хавхны эсрэг хууль санаачлах, хавхыг хэрэглээнээс гаргах, хилээр оруулахыг хориглох тухай БОАЖЯ, аймаг орон нутгийн удирдлагуудад танилцуулж, хүсэлт захидал бичсэн. Үр дүнд Ховд аймаг "хавхгүй аймаг" болох тухай шийдвэр гарч байлаа. Мөн Монгол оронд жил бүрийн 4-10 дугаар сар хүртэлх хугацаанд хавх хэрэглэхийг хориглосон шийдвэр гарсан юм. Ингээд Ховд аймгийн Манхан сумаас эхэлсэн хавхны эсрэг аян цааш үргэлжилсээр Говь-Алтай, Увс аймагт  хэрэгжиж, улсын хэмжээнд жишиг болж байгаад талархалтай байна.

Түүнчлэн манай клубийнхэн “Гүемний хүслийг биелүүлцгээе” сэдэвт жүжигчилсэн тоглолтыг олон нийтийн хүртээл болгосон нь ирвэс хамгаалах ажлын гол сурталчилгаа байлаа. Цаашид хавхны эсрэг аяныг үргэлжлүүлэх бөгөөд даавуун уутны хэрэглээг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажиллана” гэв.   

Ховд аймгийн хэмжээнд өдгөө 850 гаруй хавх цуглуулж, хураан авсан гэж аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газраас мэдээллээ. 

Холбоотой мэдээ