“Аз жаргалтай гэр бүлийн төлөө-хамтдаа” АСК тэмцээнд 160 гаруй хүн оролцов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-10-26 13:08:18

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас нийт ажилтнуудын гэр бүлийн хөгжлийг дэмжих, хөгжүүлэх зорилгоор “Аз жаргалтай гэр бүлийн төлөө-хамтдаа” АСК тэмцээнийг энэ сарын 24-ний өдөр зохион байгуулав.   

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү тэмцээнд Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын нийт ажилтан, тэдний гэр бүлийн гишүүдийн төлөөлөл 160 гаруй хүн оролцсон юм.

Тэд Захиргаа хяналт, Хөдөлмөр эрхлэлт, Нийгмийн халамжийн хэлтэс, Баруун бүсийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөхөн сэргээх төв, “Цагаан-Уул” ахмадын амралт сувиллын газар гэх таван багт хуваагдаж, гэр бүлийн сэдэвт мэндчилгээ, хүүхдийн найрал дуу, флаш моб бүжиг гэсэн гурван төрлөөр авьяас ур чадвараа сорьж өрсөлджээ.

Ийнхүү Ховд аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас санаачилсан тус үйл ажиллагаа нь нийт ажилтнуудын гэр бүл, хамт олны эв нэгдлийг бэхжүүлэх, цаашдын ажлын уялдаа холбоог сайжруулахад чухал ач холбогдолтой аж.

“Аз жаргалтай гэр бүлийн төлөө-хамтдаа” АСК тэмцээний тэргүүн байрт Захиргаа хяналтын хэлтэс шалгарсан. Харин дэд байрт Баруун бүсийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөхөн сэргээх төвийн баг шалгарлаа. Мөн тусгай байрт Нийгмийн халамж, Хөдөлмөр эрхлэлтийн хэлтэс, Цагаан-уул ахмадын сувиллын баг тус тус шалгарсан байна. 

Холбоотой мэдээ