Европын холбооны худалдааны өдрүүд болж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2020-10-26 13:50:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Европын холбооны худалдааны өдрүүд энэ сарын 26-27-нд Улаанбаатар хотноо болно.

Энэ хүрээнд “Монгол Улсын Европын холбооны зах зээлд гаргах экспортын чадамжийг нэмэгдүүлэх нь” хэлэлцүүлгийг МҮХАҮТ-д зохион байгуулж, Монголын худалдааг дэмжих ТРАМ төсөл болон төслийн хамтрагчид худалдааны бодлогыг сайжруулах, ЕХ-ны зах зээлд экспортлох нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний нэр төрлийг хэрхэн олшруулах талаар ярилцав.

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр “Уул уурхайн бус нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилготой манай улсын хувьд гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг уялдуулах шаардлага бий. Иймд гадаад худалдааны баримт бичиг, хуультай болох талаар ярьж байна. Үүнд хилийн чанад дахь дипломат төлөөлөгчийн газруудыг идэвхжүүлэх”-ийг хэлсэн.

ЕХ-ноос Монгол Улсад суугаа Элчин сайд Траян Лауренцю Христеа хэлэхдээ, “Байгалийн нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулахад гадаадын хөрөнгө оруулалт чухал үүрэгтэй. Ноолуурын шинэ зах зээлүүд нээгдэж байна. Монгол Улс ноолуураа ЕХ-ны зах зээлд ахиу экспортлохын тулд боломж, бололцог бүрэн ашиглах хэрэгтэй. Бид хамтын ажиллагааны хүрээнд худалдаа, хөрөнгө оруулалтын эрх тэгш нөхцөл хангах суурь тавина” гэв.

ТРАМ төслийн хүрээнд ЕХ-ны зах зээлд гаргахаар гоо сайхан, арьс шир, чацаргана, сарлагийн хөөвөр ба торомны ноос зэрэг 4 кластер байгуулсан нь үр дүнтэй хэрэгжиж байгаа. Төсөлд хамтран ажиллаж, олж авсан мэдлэг, туршлагаа ашиглан хушны самар, эмийн ургамлын кластер бие даан байгуулж эхэлжээ. Хэлэлцүүлгийн үеэр кластер бүтээгдэхүүн болох арьс ширэн эдлэл, чацарганаар хийсэн болон гоо сайхны бараа бүтээгдэхүүнийг дэлгэсэн байлаа.

Европын холбооны худалдааны өдрүүдийн хүрээнд GSP Hub төслөөс маргааш зохион байгуулах үйл ажиллагаанд ЕХ-ны хөнгөлөлтийн ерөнхий систем GSP-ийн хүрээнд эдлэх хөнгөлөлтийг хэрхэн нэмэх, Европын компаниудыг Монгол Улсаас бүтээгдэхүүн импортлохыг дэмжих, олон улсын тогтвортой байдлыг хангах, стандарт нэвтрүүлэх талаар мэдээлэл өгөх юм. 

Холбоотой мэдээ