Х.Нурмагомедов “UFC”-гийн чансаанд анх удаа тэргүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ayanzaya@montsame.gov.mn
2020-10-28 10:02:32

МОСКВА. /TASS/. Холимог тулааны "UFC" холбооны хөнгөн жингийн үнэмлэхүй аваргын бүсийг эзэмшигч Хабиб Нурмагомедов анх удаа тус холбооноос гаргасан жингээс үл хамаарсан тулаанчдын чансаанд тэргүүлжээ. Шинэчилсэн чансааг Нурмагомедв “Инстаграм” хуудсандаа нийтэлсэн байна.


“Энэ бол миний бүхий л амьдралынхаа туршид гаргасан хүч хөдөлмөр юм. Би юунд ч амар хялбар замаар хүрч байсан удаагүй. Шаргуу хөдөлмөр, Аллах бурхандаа итгэх итгэл, тэсвэр тэвчээр гурав бол намайг амжилтанд хүргэхэд тусалсан шинж чанарууд юм. Үүнээс гадна байнгын хяналт, надад зориулж ихээхэн хугацаа, хүч хөдөлмөрөө зориулсан эцгийн өгдөг зөвлөгөөг дурдахгүй байхын аргагүй” хэмээн Нурмагомедов тэмдэглэсэн байна.


Энэхүү чансаанд тэрбээр Америкийн тулаанч Жон Жонсныг ардаа орхиожээ. Жагсаалтад цаашлаад Шинэ Зеландын тулаанч Исраэль Адесаньяв, Америкийн тулаанч Стипе Миочич, Камару Усман, Австралийн тулаанч Александр Волкановски, Америкийн тулаанч Дастин Порье, Макс Холлоуэй, Оросын тамирчин Петр Ян, Америкийн тулаанч Жастин Гэжи нар бичигдсэн байна. Ирландын тулаанч Конор Макгрегор жагсаалтын 11 дүгээрт бичигдсэн байна.  


Өнгөрсөн бямба гарагт Х.Нурмагомедов Америкийн тамирчин Жастин Гэжитэй хийсэн тулаанд боох мэхээр ялж, “UFC”-гийн хөнгөн жингийн аваргын цолыг гурав дахь удаагаа хамгаалсан юм. Тулааны төгсгөлд Х.Нурмагомедов зодог тайлахаа мэдэгджээ. Өдгөө 32 настай Оросын тамирчин Х.Нурмагомедов холимог тулааны урлагт 29 удаа хүч үзэхдээ нэг ч ялагдал хүлээгээгүй юм. 

 

Холбоотой мэдээ