“Дархан Ус суваг” ХК-ийн 55 жилийн ой тохиолоо

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2020-10-28 17:02:11

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дарханчуудын ундны эх үүсвэрийг найдвартай хамгаалж, хүн ардад эрүүл, цэвэр усыг ямагт хүргэж байдаг “Дархан-Ус суваг” ХК-ийн түүхт 55 жилийн ой тохиолоо. Түүхт ойн ажлыг өнгөрсөн оноос эхлүүлсэн ч зарим сард коронавирусний нөхцөл байдлаас шалтгаалан Засгийн газрын тогтоол журмыг даган олон нийтийг хамарсан үйл ажиллагаанууд цуцлагдаж байсан аж. Иргэн бүрийн эрүүл мэндэд анхаарч цаг наргүй хөдөлмөрлөж байнгын бэлэн байдалд ажилладаг тус байгууллагын хамт олон баярын хурлаа хийж шилдэг ажилтнуудаа шагнан урамшуулжээ.

“Дархан-Ус суваг” ХК 2019 оноос эхлэн компанийнхаа түүхт 55 жилийн ойг угтсан олон бүтээлч ажлыг санаачлан хийж хэрэгжүүлсэн аж. Тэдгээрээс тоймлон дурдвал компанийхаа ажилтан, албан хаагчдыг 100% гадаад, дотоодын аялалд хамруулсан, ажилчдын амралтын газрыг Зулзагын голд өөрсдийн дотоод нөөц бололцоогоор барьж байгуулсан, Залуучууд театрын дэргэдэх усан оргилуурыг сэргээн засварлаж хүүхэд залуучуудын чөлөөт цагийг ая тухтай өнгөрөөх таатай нөхцөлөөр хангасан, гэр хорооллын хэрэглэгчдэд үйлчилгээгээ ойртуулах зорилгоор нийт 43 худгийг будаж засварлан ухаалаг системийг нэвтрүүлж 24 цагийн үйл ажиллагаатай болгосон, байгууллагынхаа гаднах өнгө үзэмжийг нэмж усан оргилуур хийсэн, гэх зэрэг олон ажлыг хийж гүйцэтгэжээ. Түүнчлэн түүхт ойн жилийн хүрээнд хийсэн хамгийн том ажил нь 9, 10 дугаар багт барьж буй 31 дүгээр хорооллын инженерийн шугам сүлжээ бүхий ажлын ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж дуусгасан байна.

Тус компани нь “Хэрэглэгчдийг унд ахуйн стандартад тохирсон цэвэр усаар хангаж, экологийн тэнцвэрт нийцсэн бохир усыг байгальд нийлүүлэх” эрхэм зорилгынхоо хүрээнд 267.9 сая шоо метр цэвэр ус олдворлож, 202.3 шоо метр бохир ус татан зайлуулсан гээд хийж гүйцэтгэсэн ажлын амжилт дүүрэн байна. Өдгөө 200 гаруй ажилтантай, 3 хэлтэс, 5 албатай аж. 

Дархан-Уул аймгийн хүн амын тасралтгүй өсөн нэмэгдэж буй цэвэр усны хэрэгцээг хангах, бохир усыг татан зайлуулах нөр их ажлыг бид хамт олныхоо хүчээр, Дархан-Уул аймгийн ард иргэдийн хүлээлгэсэн итгэлийг алдалгүй, нэр төртэйгээр хийж гүйцэтгэсээр байгааг Дархан-Ус суваг ХК-ийн ерөнхий инженер бөгөөд дэд захирал Т.Буяндэлгэр баярын хурлын эхэнд хэлсэн үгэндээ онцолсон.

Тэрээр цааш нь хэлэхдээ 2021 ондоо багтаан 1-р өргөгчийг ухаалаг скада системд холбох, ухаалаг тоолуур нэвтрүүлэх, бүтээмж өндөртэй насос тоноглолуудыг эрчим хүчний хэмнэлттэй болгох, ТЦБ-ийн төслийн ажлыг хүлээн авах хүний нөөцийг бэлдэж сургах зэрэг төсөл хөтөлбөрийг нэвтрүүлж, хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллахын зэрэгцээ Дархан хотын арьс ширний цогцолбор, “Үйлдвэр технологийн парк, шинэ хорооллууд олноор бий болж байгаатай уялдуулан өсөн нэмэгдэх хэрэгцээг хангах найдвартай эх үүсгэврийн бэлэн байдлыг хангах бэлтгэл ажлуудыг хийж эхэллээ.

Мөн Дархан хотынхоо 1300 гаруй аж ахуйн нэгж, 13500 гаруй айл өрхийг цэвэр усаар хангах, бохир усыг татан зайлуулах, гэр хорооллын 28000 гаруй хүнд 43 ус түгээх цэгүүдээрээ дамжуулан үйлчилж байгаа нийт хамт олон ажилтан, албан хаагчиддаа болон байгууллагын бодлогыг дэмжин ажилладаг аймгийн удирдлагууд ТУЗ, компанийн хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан ахмад ажилтнууд, ажил үйлсийг нь залгамжлан үр бүтээлтэй үргэлжлүүлэн яваа бүтээлч залуустаа, Монгол Улсад нийтийн аж ахуйн салбар үүсч хөгжсөний 89 жилийн ой, компанийн түүхт 55 жилийн ойн баярын халуун мэндийг өргөн дэвшүүлье гэв.

Ташрамд тэртээ 55 жилийн өмнө БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн (1965 оны 03-р сарын 17-ны өдрийн) 68 дугаар тогтоолоор Дархан хотод ус сувгийн товчоо байгуулах шийдвэр гарч 1965 оны 09-р сарын 01-нд Дархан хотын “Ус сувгийн товчоо” нэртэйгээр Цэвэр усны анги, Сувагжуулах анги, Засвар цех, Автограж, Цахилгаан диспетчер зэрэг анги салбаруудтай, 34 ажлын байрны орон тоотойгоор анх байгуулагдаж байсан түүхтэй ажээ.

Холбоотой мэдээ