Ц.Даваасүрэн: Засгийн газрын гишүүд УИХ-ын чуулганы хуралдаанд оролцохгүй, хүндэтгэлгүй хандаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Монгол Улсын Засгийн газар, Европын Холбоо хоорондын "Европын хөгжлийн сан болон Европын Холбооны нэгдсэн төсвөөс санхүүжих төслүүдэд үйлчлэх Монгол Улсын татварын болон гаалийн зохицуулалтын тухай ерөнхий хэлэлцээр"-ийн төслийг түр хойшлуулав.
Монгол Улсын Засгийн газар, Европын Комисстой 2014-2020 онд хамтран ажиллах хөтөлбөрийн хүрээнд 50.8 сая еврог төсвийн дэмжлэг болон техникийн туслалцаа хэлбэрээр авахаар тохиролцож, санхүүжих хэлэлцээр байгуулсан. Уг төсвийн дэмжлэгийг төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах болон хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээнд зориулан буцалтгүй тусламж хэлбэрээр олгох юм. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газар, Европын Холбоо хоорондын "Европын хөгжлийн сан болон Европын Холбооны нэгдсэн төсвөөс санхүүжих төслүүдэд үйлчлэх Монгол Улсын татварын болон гаалийн зохицуулалтын тухай ерөнхий хэлэлцээр"-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг боловсруулжээ.
Дээрх хэлэлцээрийг Монгол Улсын Засгийн газар, Европын Холбоо хооронд 2020 оны зургаадугаар сарын 29-нд байгуулсан аж. Энэ нь Европын Холбооноос тусламж олгож буй улс орнуудтай байгуулдаг жишиг хэлэлцээр юм. Хэлэлцээрийн гол зорилго нь Европын Холбооны нэгдсэн төсвөөс бүхэлдээ, эсхүл хэсэгчилсэн санхүүжилтээр Түншлэгч оронд хэрэгжиж байгаа аливаа төслийн ажилд ногдуулах гаалийн татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар болон бусад ижил төрлийн татвар хураамжаас чөлөөлөхөд чиглэж байгаа аж.
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны энэ сарын 21-ний хуралдаанаар дээрх төслийг хэлэлцэн дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн П.Анужин танилцууллаа.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, зээлийн хэлэлцээрийг зарчмын хувьд дэмжиж буйгаа илэрхийлээд, чухал асуудал хэлэлцэж байгаа үед Засгийн газрын салбар хариуцсан гишүүн асуултад хариулах шаардлагатай гэдгийг санууллаа. Тэрбээр, "Сүүлийн үед зээлийн асуудал санаа зовоож эхэллээ. Одоо ДНБ-ий 56 хувьд хүрсэн. Ирэх онд төсвийн алдагдлыг нөхсөнөөр 62 хувьд хүрнэ. Ерөнхийдөө 70 хувийн босго руу дөхөж байна. Дээрх зээл нь хэдий нэн хөнгөлөлттэй ч асуултад газрын дарга нар хариулах нь зохисгүй" хэмээв. Мөн Засгийн газрын гишүүд УИХ-ын чуулганы хуралдаанд оролцохгүй, хүндэтгэлгүй хандаж байгаа хэмээн шүүмжлэв.
УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, шүүмжлэлийг хүлээн авч байгаагаа илэрхийлээд, Сангийн сайдтай утсаар холбогдоход Сангийн яаманд уулзалттай байгаа бөгөөд 10 минутын дараа чуулганы танхимд орж ирнэ гэж хэлснийг уламжиллаа.
Харин УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хуулийн төслийг түр хойшлуулж дараагийн асуудлыг хэлэлцэх горимын санал гаргав. Хуралдаанд оролцсон гишүүний олонх нь дэмжсэнээр, Сангийн сайдыг чуулганы танхимд орж ирэх хүртэл цар тахлын үеийн хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэг бүхий Түр хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ.