Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан мэндчилгээ дэвшүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэл
Улаанбаатар хотыг байгуулсны 381 жилийн ойн өдрөөр Нийслэлийн ИТХ-ын
дарга Ж.Батбаясгалан баярын мэндчилгээ
дэвшүүллээ.
Мэндчилгээнд, "Бүрэн
эрхт тусгаар Монгол Улсын гал голомт болсон нийслэл Улаанбаатар хот байгуулагдсаны 381 жилийн ойн
халуун мэндийг нийслэлийн иргэд, төр, захиргааны байгууллагын ажилчид, их хотынхоо өнөр бүлийн гишүүн байгууллага, хамт олонд дэвшүүлье.
Тэртээ 1639 онд Монгол гүрний төв цэг Их, Бага Монгол уулын хормой, Ширээт
цагаан нуурын хөвөөнөө “Өргөө” шар бүсийн ордыг байгуулснаар нийслэл хотын
маань түүх шаштирын эхний хуудас бичигдсэн билээ. Улмаар нүүдэлч түмний ахуй
амьдралын онцлог, түүхэн цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан нүүдэллэж явсаар Хүн чулууны хонхор, Алтан тэвшийн хөндий буюу хатан Туулын
хөвөө, хан Богдын ард суурьшсанаас хойш 241 он улирчээ.
Эдгээр он цаг бол нүүдэлчдийн бяцхан сууринг орчин үеийн хот байгуулалтын
шилдэг өв, шинэ ололтыг шингээсэн метрополитан хот болгон өөрчилсөн зам мөр байлаа. Нүүдэлч малчдын тал нутагт шинэ суурьшлыг цогцлоосон бахархал
монголчуудынх, нийслэлийн иргэдийнх билээ. Өнөөдөр бол зөвхөн нийслэлийнхэн
төдийгүй нийт монголчуудын баярын өдөр юм.
Монгол Улсын нийт хүн амын 50 хувь буюу 1.4 сая гаруй хүн амьдран суудаг,
улсынхаа ДНБ-ий 70 хувийг дангаараа үйлдвэрлэдэг, улсын
хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 192.0 мянга гаруй аж ахуй эрхлэгчдийн 75 хувь
нь төвлөрсөн эдийн засаг, нийгэм, соёлын цогц төв Улаанбаатар хот маань улсынхаа хөгжлийн толь болж өргөжин хөгжиж, өнгөжин
жавхаажсаар байна. Түүнчлэн онцлон нэг зүйлийг тэмдэглэхэд, Нийслэлчүүд
бид өмнөө тулгамдсан хамгийн том асуудал болох утаанаасаа салсан бахдам
амжилтаар 381 жилийн ойтойгоо золгож байна. Цаашид нийслэлээ дэлхий
ертөнцөд нээлттэй, хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлсэн, өрсөлдөх
чадвартай, өөрийгөө тэтгэх эдийн засгийн чадавхтай, шинэ эриний ухаалаг,
найрсаг, эко хот болгон шинэчлэхийн төлөө хичээх учиртай. Нийслэл
Улаанбаатар хот маань үйлдвэрийн тусгай бүс, дагуул хот, дэд төвүүдтэй болж,
суурьшлын шинэ бүсэд шилжин суурьших аж ахуйн нэгж, иргэнийг дэмжих татварын
шинэ бодлогыг хуульчлах гэх мэт ажлыг шат дараатай хийхээр
төлөвлөлөө. Агаар, орчны бохирдлыг дахин бууруулж, ногоон байгууламжийг
нэмэх, дэд бүтцийн байгууламжийг дэлхийн томоохон хотуудын жишигт хүргэх
нь та бидний ойрын үеийн чухал зорилт байх болно.
Урсах цагийн хурдаар урагшлан хөгжиж буй Улаанбаатар хотын түүхт ойн өдөр
нийслэлчүүдийн төдийгүй нийт Монголчуудын баяр бахархал билээ. Нийслэлд
минь хөгжлийн шинэ эрин үе эхэлж байна. Хөгжлийг бүтээлцэж, хотын соёл, хотын
түүхийг бичилцэж ирсэн нийслэлийн иргэн бүрд талархал илэрхийлье. Нийслэлийнхээ
хөгжил дэвшлийн төлөө залуу насаа зориулсан, зориулж яваа нутгийн
захиргааны ажилтан албан хаагч та бүхэндээ нийслэл хотынхоо түүхэн ойн
мэндийг хүргэж, ажлын өндөр амжилт хүсье" гэжээ.