Нийслэлийн ойгоор Мэлхийт хөшөөнд хүндэтгэл илэрхийлэв

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2020-10-29 13:26:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн 381  жилийн ойн өдрийг тохиолдуулан нийслэлийн удирдлагууд нийслэл хотын анхны шав тавьсан Мэлхийт хөшөөнд хүндэтгэл илэрхийлж, нийслэлийн туг мандуулав. 

Мөн нийслэлийн сүлдэт хуур цэнгүүллээ. Одоогоос 381 жилийн тэртээ 1639 онд өндөр гэгээн Занабазарыг Их Монголын шарын шашны тэргүүнд өргөмжлөн өргөө байгуулж өгснөөр Монгол Улсын нийслэлийн үүслийг тавьсан түүхтэй. Тэр цагаас хойш 28 удаа бууриа сэлгэж, 1778 онд Богдхан уулын ар, хатан Туулын хөвөө, сэрүүн Сэлбийн дэнж, Хүн чулууны хонхорт суурьшихдаа нүүдэллэн ирсний тэмдэг болгож “Хүн чулуун хөшөө”-гөөр шав тавьжээ. 




Энэхүү түүхэн үйл явдлыг мөнхжүүлэх, хойч үедээ таниулан сурталчлах зорилгоор тус шав тавьсан газрын хойд хэсэгт 1994 онд дурсгалын “Мэлхийт” хөшөөг босгож, нийслэлийнхээ ойгоор хүндэтгэл илэрхийлдэг уламжлалтай болсон юм. Нийслэлийн сүлдэт хуурыг Монгол Улсын гавьяат жүжигчин, Монгол Улсын Ардын жүжигчин Ч.Батсайхан цэнгүүллээ. 


Нийслэл хотын түүхт ойн энэ өдөр гал голомтоо бадрааж буй олон хосын төлөөлөл болж, хүндэтгэлийн ёслолд оролцсон Н.Мөнхболд, А.Урансайхан нарт нийслэлийн удирдлагууд баяр хүргэж, дурсгалын зүйл гардуулав.


Гэрэд зургуудыг Б.Чадраабал


Холбоотой мэдээ