УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-10-29 17:41:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.


УИХ-ын чуулганы хуралдааныг үр нөлөөтэй явуулах, хуралдаан эхлэхэд бэлтгэл хангагдсан байх, зарим нэн яаралтай, шаардлагатай асуудалтай гишүүдийг танилцах боломжоор хангах үүднээс нэгдсэн хуралдааны ирцэд бүртгүүлэх цагийг 9.00 цаг, нэгдсэн хуралдааныг 10 цагт эхлүүлэхээр тусгасан байна. Мөн хуралдааны дэг зөрчсөн гишүүн тухайн асуудлын хэлэлцүүлэг дуустал хуралдаан даргалагчийн шаардлагаар танхимыг орхин гарахыг хариуцлагын нэг төрөл болгох, үргэлжлүүлэн зөрчил гаргавал тухайн өдрийн хуралдаанд оролцох эрхийг хасах үндэслэл болох, түүнчлэн хуралдаанд оролцох эрхээ хасуулсан гишүүн УИХ-ын болон гишүүний нэр хүндийг гутаан доромжилсон, эмх замбараагүй байдал үүсгэсэн болон бусад хэлбэрээр хуралдааны хэвийн үйл ажиллагааг алдагдуулбал хуралдаанд оролцох эрхийг нь 3 хүртэл удаа хасахаар зохицуулжээ. Тусгайлсан дэгээр зохицуулж буй зарим тогтоолын төслийн анхны болон эцсийн хэлэлцүүлгийг хуулийн төслийн анхны болон эцсийн хэлэлцүүлгийг явуулах дэгтэй ижил зохицуулах, түүнчлэн Байнгын хорооны анхны хэлэлцүүлгийн явцад гишүүн өөрийн гаргасан зарчмын зөрүүтэй саналаа татан авах боломжтой байхаар тусгасан байна.


Чуулганаас хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлснээр чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөв.

Холбоотой мэдээ