Алтны эрэлт 2009 оноос хойш хамгийн доод түвшинд хүрчээ

Дэлхийд | Эдийн Засаг
ayanzaya@montsame.gov.mn
2020-10-30 10:11:16

МОСКВА. /TASS/. Коронавирусний цар тахал дэгдсээр буй энэ үед дэлхийн зах зээлд алтны эрэлт 2020 оны 3 дугаар улиралд өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 19 хувиар буурч, 892 тонн болсон тухай Дэлхийн алтны зөвлөлийн /World Gold Council, WGC/ тайлан мэдээнд дурдсан байна.


“Хэрэглэгчид цар тахлын нөлөөг мэдэрсээр байсантай холбоотойгоор алтны эрэлт гуравдугаар улиралд 19 хувиар унаж, 892 тонн болсон байна. Энэ нь 2009 оны гуравдугаар улирлаас хойших хамгийн бага үзүүлэлт юм” хэмээн тайланд дурджээ. Энэ хугацаанд алтны нийлүүлэлт өмнөх оныхтой харьцуулахад 3 хувиар буурсан байна. Оны эхэнд алтны эрэлт өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 10 хувиар бага байсан бөгөөд 2.97 мянган тонн байжээ.


Харин алтны хөрөнгө оруулалтын эрэлт гуравдугаар улиралд өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 20 хувиар өсжээ. Тодруулбал, дэлхий даяар хөрөнгө оруулагчид 222.1 тонн алтан гулдмай болон зоос худалдан авчээ. Энэ үзүүлэлт Хятад, Турк болон Өрнөдийн зах зээлд илүү өндөр байжээ. Үүнээс гадна алтаар баталгаажсан валют арилжааны сангуудаар дамжуулан хөрөнгө оруулагчид 272.5 тонн алт худалдан авчээ. 


“Хөрөнгө оруулагчидтай холбоотой нөхцөл байдлаас харахад, гуравдугаар улиралд алтаар баталгаажсан валют арилжааны сангуудад хөрөнгийн урсгал урьд өмнө байгаагүй өндөр хэмжээнд хүрчээ. Зах зээлийн тогтворгүй байдалд хүмүүс тогтвортой байдлыг бий болгохоор зорьж байгаа учир энэ улиралд жижиглэнгийн хөрөнгө оруулагчид алтыг илүүд үзэж байгаа байгаа нь багагүй горьдлого төрүүлж байна” хэмээн Дэлхийн алтны зөвлөлийн шинжээч Луиза Стрит тайландаа дурджээ.


Цар тахлаас үүдэлтэй хоёр дахь тусгаарлалтын арга хэмжээний үр дагаврыг таамаглахад хэтэрхий эрт байгаа хэдий ч зохих эрсдэл үүсэж, сорилтуудтай тулгарна гэдгээ хөрөнгө оруулагчид мэдэж байгаа учир энэ нь тэдний алт худалдан авах сонирхолд нь хүчтэй нөлөө үзүүлж магадгүй юм гэж Дэлхийн алтны зөвлөлийн зах зээлүүдтэй  хамтран ажиллах асуудал эрхэлсэн газрын захирал Жон Маллиган мэдэгдсэн байна.


Үнэт эдлэлийн салбарын хямрал

Коронавирусний цар тахлын улмаас авсан нийгмийн хязгаарлалтууд, тусгаарлалтаас үүдэлтэй эдийн засгийн үр дагаврууд, алтны ханш түүхэн дээд түвшинд хүрсэн үйл явдлууд давхцаж буй нь үнэт эдлэл худалдан авагчдын хувьд тун хүнд сорилт болоод байгааг тайланд дурджээ. Хятад, Энэтхэгт эрэлт хамгийн их буурсан хэдий ч дэлхий даяар үнэт эдлэл худалдан авах сонирхол сул байна.  


“Ойрын ирээдүйд ийм хандлага ажиглагдсан хэвээр байна” гэж Стрит цохон тэмдэглэжээ.


Дэлхийн хэмжээнд үнэт эдлэлийн эрэлтийн төлөв нь эдийн засгийн сэргэлтийн хэтийн төлөв, хэрэглэгчдийн итгэл сэргэх, тэдний орлогын түвшин, худалдан авах чадварын түвшнээс нь хамаарсан хүлээлт эргэн ирэх байдлаар тодорхойлогдоно гэдгийг тайланд мөн дурдсан байна. Тухайлбал, зах зээл дээр сэргэлтийн шинж тэмдгүүд ажиглагдсан хэвээр байх нөхцөлд баяр амраллын улирал үнэт эдлэлийн эрэлтийг сэргээхэд тус дөхөм болж магадгүй юм.


Ирээдүйн таамаг

“Цар тахлын үед тодорхой хяналт тавина гэж тооцвол хэрэглэгчийн зах зээл “хэвийн” түвшиндээ аажмаар эргэн орж, хойшлогдсон эрэлтээс шалтгаалан эрэлтийн түвшин улам нэмэгдэж магадгүй гэж шинжээчид найдаж байна. Тухайлбал, энэ онд хийхээр товлосон хуримаа хойшлуулснаар, хуримд зориулж үнэт эдлэл худалдан авахаа хойшлуулах билээ.


Эдгээр хүчин зүйлс нь алтны зах зээлийг 2021 оны дотор тогтворжих, тэнцвэржүүлэх боломжийг олгоно гэж Маллига дүгнэж байна.

 

Холбоотой мэдээ