"Спутник V" вакциныг 60-аас дээш насны сайн дурынханд хийж эхэлжээ

Дэлхийд | Эрүүл мэнд
Jargal.d@montsame.mn
2020-10-31 14:08:16

МОСКВА. /Известия/. ОХУ-д гарган авсан коронавирусний “Sputnik V” вакциныг туршилтад сайн дураар оролцож буй ахмад настнуудад хийж эхэлжээ. Эмнэлзүйн туршилтын явцын талаар тус улсын Клиникийн төв эмнэлгийн гол судлаач Никита Ломакин “Известия” сонинд ярьсан байна.


Туршилтад 60-аас дээш насны 28 хүн оролцжээ. Тэдэнд вакцины эхний тунг 10 дугаар сарын 28-нд хийсэн байна. Судалгаанд нийтдээ 110 хүн оролцуулахаар төлөвлөж байгаа аж.


Сайн дурынханд вакцины гаж нөлөө илрээгүйг Ломакин онцолсон байна. “Судалгаанд хамрагдсан залуу насныхны хувьд ихэнх тохиолдолд вакцины эхний тунг хийснээс хойш 24-49 цагийн хугацаанд халуурах зэрэг шинж тэмдгүүд илэрч байсан.  Харин 10 дугаар сарын 28-нд вакцин хийлгэсэн ахмад настнуудын хэнд нь ч ийм хариу урвал илрээгүй” гэж Ломакин хэлжээ. Аюулгүй байдлын үүднээс сайн дурынхныг одоогоор эмнэлэгт байлгаж байгаа аж.


Н.Ф.Гамалеян нэрэмжит халдвар судлалын үндэсний төвд гарган авсан "Спутник V" вакциныг ОХУ-ын Эрүүл мэндийн яам наймдугаар сард бүртгэсэн юм. Уг вакцин нь гурван долоо хоногийн завсарлагатайгаар хийдэг хоёр тунгаас бүрддэг байна.


 


Холбоотой мэдээ