"Монгол бахархал"-ын өдөр гар урчуудын бүтээлийг дэлгэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
192@montsame.mn
2020-11-03 16:20:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Монгол бахархал”-ын өдөр буюу энэ сарын 16-нд Д.Сүхбаатарын талбайд Улаанбаатар хот болон 21 аймаг, сумдын гар урчууд бүтээлээ дэлгэнэ.

Уг үзэсгэлэн худалдааны ерөнхий зохион байгуулагчаар “Монгол бахархал” сан, хамтран зохион байгуулагчаар “Үлэмж төгөлдөр” урлан, “Dream land tour” ХХК, “Yammy education center”, “Уран Цамба” урлан, мэдээллийн ивээн тэтгэгчээр Монголын сайтын холбоо ажиллаж байна.

Үндэсний шилмэл урчуудын үзэсгэлэн худалдаанд одоогоор 300 урчууд оролцохоо мэдэгдээд буйг “Монгол бахархал” сангаас мэдээллээ.


Тус сан нь үндэсний өв, соёлоо хамгаалах, хадгалах, бүтээгчдийг дэмжиж ажилладаг. Үе, удам дамжсан гар урчуудын ур ухаанд шингэсэн өв, соёл, уламжлал нь монгол үндэстний оюуны дархлааны нэгээхэн хэсэг хэмээн үзэж, өнөө цагийн залууст энэ тухай ойлголт өгч, улмаар уг санаанд тулгуурласан мэдээллийг олон улсад түгээх нь тусгаар Монголоо дангаар нь товойлгоход нэмэр болно хэмээн тус сангийн хамт олон үзэж буй юм.

Холбоотой мэдээ