АНУ-ын Сенат дахь анхны трансжендер эмэгтэй ба 2020 оны сонгуулийн бусад түүхэн ялалтууд

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2020-11-05 11:19:42

УИЛМИНГТОН. /BBC/. АНУ-ын сонгуульд Сара Макбрайд гэдэг нэртэй трансжендер эмэгтэй Делавар муж улсад ялж, тус улсын анхны трансжендер сенатч болж байна.


Тэрбээр Бүгд Найрамдах намаас нэр дэвшсэн Стив Вашингтоныг ялсан бөгөөд сонгуульд дахин нэр дэвшихгүй байхаар шийдсэн Ардчилсан намын гишүүн Харрис МакДовеллын оронд Сенатад суух юм.


Өдгөө 30 настай Макбрайд урьд нь ЛГБТ хүмүүсийн эрхийн төлөөх “Human Rights Campaign” байгууллагын хэвлэлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан байна. Тэрбээр бас Барак Обамаг Ерөнхийлөгч байх үед Цагаан ордонд дадлага хийж байжээ. Одоо тэрбээр тус улсын хамгийн өндөр албан тушаал хашдаг трансжендер болох юм.


Үүний зэрэгцээ 26 настай Тейлор Смолл Төлөөлөгчдийн танхимд Вермонт муж улсыг төлөөлөн суух анхны трансжендер хууль тогтоогч болно. Мөн Нью-Йорк хотын зөвлөлийн гишүүн, 32 настай Ричи Торрес АНУ-ын Конгресст сонгогдсон анхны өнгөт арьст ижил хүйстэн болно. Торрес бол Цагаан ордны төлөөх өрсөлдөөнөөс гарсан социалист Берни Сандерсын кампанит ажилд оролцож байсан ардчилсан үзэлтэн юм.


Хойд Каролина муж улсад Бүгд найрамдах намын гишүүн болох 25 настай Мэдисон Коутон өчигдөр шөнө Төлөөлөгчдийн танхимын гишүүнээр сонгогджээ. Тэрбээр АНУ-ын хууль тогтоох байгууллагын түүхэн дэх хамгийн залуу конгрессын гишүүн болсон байна.


Жоржиа муж улсад Төлөөлөгчдийн танхимын сонгуульд Америкийн хэвлэлүүдэд “QAnon”-ийн хуйвалдааны онолыг нээлттэй дэмжигч АНУ-ын анхны хууль тогтоогч" гэж нэрлэдэг 46 настай Маржори Тейлор Грин илт давуу ялжээ. Тэрбээр энэ оны наймдугаар сард “Fox News” сувагт өгсөн ярилцлагадаа, “QAnon”-ийн түүх бол өнгөрсөнд үлдсэн үйл явдал гэж мэдэгдээд харин одоо тэрбээр баруун хойд Жоржиа муж улсыг Конгресст төлөөлөх анхны эмэгтэй болсон нь хамгийн чухал хэмээн онцолсон байна.


Түүнчлэн сансрын нисэгч Марк Келли Аризона муж улсын Сенатын сонгуульд ялжээ. Гэхдээ тэрбээр Сенатад сонгогдсон анхны сансрын нисэгч болохгүй. Энэ цолыг 1974-1999 онд тус муж улсыг Сенатад төлөөлж байсан Охайогийн сенатч асан Жон Гленд эзэмшдэг аж.


Зарим түүхэн шийдвэрүүд

Сонгуулийн өдөр зарим муж улсын сонгогчид муж улс эсвэл хотын түвшинд дэвшүүлсэн бусад хэд хэдэн хууль, санаачилгын талаар шийдвэр гаргажээ.

  • Орегон муж улсын сонгогчид хувийн хэрэгцээндээ зориулж, бага хэмжээний хар тамхи (героин, кокаин орно) хадгалахыг гэмт хэрэгт тооцохгүй байхыг олонхын саналаар дэмжжээ. Уг хуулийн төслийг мансууруулах бодистой холбоотой баривчилгааны тоог багасгах зорилгоор санал болгосон байна.
  • Нью-Жерси, Аризона, Монтана, Өмнөд Дакота муж улсуудад марихуаныг амрах, мөн эмчилгээний зорилгоор хэрэглэхийг хуулиар зөвшөөрчээ.
  • Колорадо, Луизиана муж улсуудад үр хөндүүлэхтэй холбоотой асуудлыг шийдсэн байна. Луизиана муж улсын сонгогчид Үндсэн хууль нь үр хөндөлт эсвэл үр хөндөлтийг санхүүжүүлэх эрхийг хамгаалахгүй гэх зүйл заалтыг гол хуульдаа нэмж оруулахын төлөө саналаа өгчээ.
  • Үүнээс гадна, 80 орчим жилийн өмнө Колорадо муж улсад устаж үгүй болсон саарал чоныг үржүүлэх санаачилгын хувь заяаг шийдэж байгаа бөгөөд санал бараг тэнцүү хуваагдсан байна. Санал хураалтын дүн хараахан гараагүй байгаа аж.
Холбоотой мэдээ