ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас 500 сая төгрөг олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-11-06 11:59:56

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас энэ онд нэг тэрбум төгрөгийг олгохоор болж иргэдийн төслийг хүлээн авч шалгаруулсан. Тус аймгийн иргэд 4,1 тэрбум төгрөгийн санхүүжилт хүссэн 44 төслийг ирүүлж сонгон шалгаруулалтад оролцсон байна.

Өнөөдрийн байдлаар Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас эхний ээлжинд 500 сая төгрөг олгохоор шийдвэрлэсэн учраас 7 төслийг шалгаруулан бичиг баримтыг бүрдүүлж байна гэдгийг аймгийн ХХААГ-ын жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн П.Бат-Эрдэнэ мэдээллээ.

Тодруулбал хүлэмж, жимс жимсгэний, сүүн бүтээгдэхүүний, малын дайвар бүтээгдэхүүний үйлдвэрлэл, ногооны зоорь, чацаргана боловсруулах, амралтын газрын ариун цэврийн байгууламж шинэчлэх гэсэн чиглэлийн төслүүд шалгарчээ.


Холбоотой мэдээ