С.Чулуун: Мэргэжлийн хүний нөөцийг бүрдүүлэхэд тэргүүлэх бодлого баримтална

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2020-11-06 09:46:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Соёлын сайдын зөвлөл анхдугаар хуралдаанаа өчигдөр хийлээ.


Сайдын зөвлөлд Монгол Улсын урлаг, соёлын нэрт зүтгэлтнүүд, түүхч, эрдэмтдийн ахмад, залуу, дунд үеийн төлөөлөл бүхий салбар салбарын туршлагатай хүмүүс орсон юм.

 

Хуралдаанд Соёлын сайд С.Чулуун яамны шинэ бүтэц бүрэлдэхүүн, бодлого чиглэл, соёлын салбарт хийх ажлууд, бүтээн байгуулалт, УИХ-аар хэлэлцэж буй Соёлын болон Киноны тухай, мөн Музейн тухай хуулийн төслийг танилцууллаа.

 

Тэрбээр хэлэхдээ, “Соёлын яам байгуулагдсан цагаасаа соёлын салбарт хийх бүтээн байгуулалтын ажлууд болон цаашдаа Монгол Улсын соёлын салбарыг хэрхэн хөгжүүлэх вэ гэдэгт анхаарч, бодлого, үйл ажиллагаагаа төлөвлөж ирсэн.  Монгол Улсын соёл, урлагийн салбарт хийх ажлууд нь зөвхөн нэг яамны ажил биш, энэ салбарт ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа хүмүүсийн дуу хоолой байх ёстой гэсэн утгаар сайдын зөвлөлийн бүрэлдэхүүнээ баталж, анхдугаар хуралдаанаа хийлээ. Энэхүү хуралдаанаар бид 4 жилийн бодлого, үйл ажиллагааныхаа үндсэн чиглэлүүдийг ярилцлаа. Цаашдаа улиралдаа нэг удаа уулзан, санал бодлоо солилцон, шийдвэрлэх асуудлаа хэлэлцэнэ. Манай яамны тэргүүлэх таван чиглэлийн нэгд хүний нөөцийн асуудал орж байгаа. Соёлын салбарт хүний нөөцийн асуудал маш дутагдалтай. Сүүлийн 20-иод жил хүний нөөцийн бодлогогүй байснаас мэргэжлийн ажилтан ихээхэн дутагдалтай байсан. Ялангуяа хөдөө орон нутагт энэ асуудал хамгийн их тулгамдаж байна. Орон нутгийн 340 орчим суманд ажиллаж байгаа соёлын ажилтнуудын 70 хувь нь мэргэжлийн бус байна. Мэргэжлийн хүний нөөцийг бүрдүүлэх чиглэлд Соёлын яам тэргүүлэх бодлого баримтална. Дөрвөн жил ажилладаг биш, 40 жил ажиллах салбарын мэргэжилтэн бэлдэх шаардлагатай. Мөн дэлхийд өрсөлдөх чадвартай мэргэжилтнүүд ч бэлдэх ёстой” гэв.

Холбоотой мэдээ