Дэлхий дахинд өдөрт халдварын хамгийн олон тохиолдол илэрчээ

Дэлхийд | Эрүүл мэнд
ayanzaya@montsame.gov.mn
2020-11-07 10:30:30

ЖЕНЕВ. /TASS/. Дэлхий дахинд коронавирусээр халдварласан нь батлагдсан тохиолдлын тоо 49.6 сая давжээ. Өдөрт халдварласан тохиолдлын тоо 581 мянгаар нэмэгдсэн нь цар тахал дэгдэж эхэлснээс хойших хамгийн өндөр үзүүлэлт юм.


ДЭМБ-ын мэдээлснээр, нас барсан тохиолдлын тоо нэг өдрийн дотор 8 мянга гаруйгаар нэмэгдэж, 1.24 сая давжээ.


Үүнээс өмнө дэлхий дахинд өдөрт хамгийн олон буюу 557 467 тохиолдол илэрсэн нь 10 дугаар сарын 31-ний өдөр байсан юм. ДЭМБ-ын статистик мэдээлэл нь улс орнуудаас өгч буй халдварын зөвхөн албан ёсоор батлагдсан тохиолдлуудын тухай мэдээлэл юм.  


Халдвар авсан тохиолдлуудын тал гаруй нь Европын бүс нутагт (өдөрт 308 876)  илэрчээ. Араас нь Хойд болон Өмнөд Америк, Зүүн Өмнөд Ази жагсаж байна. Харин хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн улс орнуудаас АНУ, Энэтхэг, Бразил, ОХУ зэрэг улс тэргүүн байруудад бичигдсэн хэвээр байна. 

Холбоотой мэдээ