Боловсролын багц хуулийн төсөлд олон нийтээс санал авч эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-11-10 17:37:30
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо болон БШУЯ хамтран Боловсролын багц хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд салбарын нийт багш, ажилчин, албан хаагч, эцэг эх, олон нийтээс санал авах ажил энэ сарын 5-нд улс орон даяар эхэлсэн тухай өнөөдөр мэдээлэв.


УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, "Улсын хөгжлийн үндэс нь  боловсрол. Тиймээс боловсролын асуудалд бүх нийтээр анхаарах хэрэгтэй. Хуулийн төсөлд бичгээр болон цахимаар саналаа өгөх боломжтой. Цахим санал авах ажил 2021 оны нэгдүгээр сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ.


БШУЯ-наас 21 аймаг, 9 дүүргийн боловсролын байгууллагад бичгээр авах саналын хуудсыг хүргүүлсэн. Бичгээр санал авах хугацаа 11 дүгээр сарын 16 хүртэл үргэлжилнэ. Мөн БШУЯ-наас "Боловсролын шинэчлэлийн бодлого, эрх зүйн зохицуулалт" уулзалт, хэлэлцүүлгийг 11 дүгээр сарын 17-30-нд 21 аймаг, 9 дүүрэгт зохион байгуулна. Харин нэгдсэн хэлэлцүүлгийг 2020 оны 12 дугаар сарын 4-7-нд Улаанбаатар хотод зохион байгуулахаар төлөвлөсөн. Иргэд БШУЯ-ны албан ёсны www.meds.gov.mn цахим хуудаст, багш нарын хувьд боловсролын салбарын мэдээллийн систем www.esis.edu.mn-ийн багш ажилтны эрхээр хандаж, саналаа өгнө.


Боловсролын салбарын эрх зүйн орчныг сайжруулж, олон улсын стандартад нийцүүлэх үүднээс дөрвөн хуулийн төслийг боловсруулж байгаа юм. Энэхүү багц хуулийн төсөлд иргэд болон боловсролын байгууллагаас ирсэн саналыг тусгасны дараа 2021 оны нэгдүгээр сард УИХ-д өргөн мэдүүлэхээр ажлын багийнхан төлөвлөж байна" хэмээв.


Засгийн газрын гишүүн, БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн хэлэхдээ, “Салбарын хуулийн төсөлд санал тусгах ажлыг ийнхүү улсын хэмжээнд анх удаагаа зохион байгуулж байгаа юм. Тогтвортой мөрдөх, салбарын асуудлыг өргөн хүрээнд зохицуулж чадах хуулийн төсөл боловсруулахын төлөө боловсролын салбарын ажилтай холбоотой бүхий л байгууллагын саналыг хуульд тусгахыг зорьж байна" гээд боловсролын салбарыг шинэ түвшинд гаргах энэхүү хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд идэвхтэй оролцохыг олон нийтэд уриаллаа.


Ташрамд дурдахад, хамгийн анхны боловсролын хуулийг 1963 онд баталжээ. Одоо хэрэгжиж буй Боловсролын тухай хуульд 25 удаа, Дээд боловсролын тухай хуульд 10 удаа, Бага дунд боловсролын тухай хуульд 6 удаа, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд 12 удаа тус тус нэмэлт өөрчлөлт орсон байдаг аж.


Хэвлэлийн хуралд УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Ц.Мөнхцэцэг, Ч.Ундрам, Г.Дамдинням, Б.Баярсайхан болон холбогдох яам, агентлагийн төлөөлөл оролцлоо.

Холбоотой мэдээ